Ч.ЗОТОЛ
“Очир төв” зочид буудалд гэмт хэрэгтнүүд 13 настай охиныг авч орж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, амь насыг нь хэрцгийгээр хөнөөснөөс хойш хоёр жил өнгөрлөө. Хэрэг шүүхийн шатанд эргэж буцсаар удсан. Эцэст нь шүүх хоёр гэмт хэрэгтэнд насаар нь хорих ял оноосныг “Ялын хэмжээ хүндэдлээ” хэмээн давж заалдсан ч шүүх ялыг хэвээр үлдээгээд байна.
Тухайн үед үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг шалгаж оруулаагүй, насанд хүрээгүй хүүхдийг дагуулаад зочид буудалд орж байгаа залуусын талаар холбогдох газруудад мэдээлээгүй, хяналт тавиагүй, хэрэг гарсны дараа “Тэр охин архичин байсан” гэх утгатай мэдээлэл цацсан “Очир төв” зочид буудлынхан өнөө хүртэл үйл ажиллагаа явуулсан хэвээр байна.
Тэнд байсхийгээд биеэ хамгаалах чадваргүй эмэгтэй хүнийг авч орсон, хамт архидсан, зодсон цохисон гэх мэдээлэл дуулддаг. Сүүлд хохирогчийн ар гэр, өмгөөлөгчид нь шахаж шаардаж байж, БЗД-ийн Цагдаагийн II хэлтэс хоёр ч удаа мэдэгдэл хүргүүлж байж Зөрчлийн хуулиар 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн байдаг.
Жирийн иргэн, хэнбугайд ч “Очир төв” зочид буудлынхан шиг ийм эрх дарх байхгүй. Тэгэхээр гэмт хэргийн хар цэг болсон “Очир төв” ХХК ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Хэний өмч хөрөнгө вэ гэдэг асуулт ч бүрхэг үлдлээ.
Зочид буудлыг хэн гээч “Нууц ноёнтон” ажиллуулж ашиг хүртэж суудаг нь ч тодорхойгүй өнөө хүрэв
Дээр нь хэргийн газарт ажилласан мөрдөн байцаагч олон нийтийг анхнаас нь төөрөлдүүлж, “Талийгаач охин архины хордлогоор нас барсан” гэж хэвлэлүүдэд мэдээ өгсөн байдаг. Хэн ингэтэл нөлөөлж чадах вэ гэдэг бас л асуулт. Тухайн үед албан ёсны хаяг руу нь орж үзэхэд “Очир төв” зочид буудал нь машин угаалга, зоогийн газар, караоке гээд цогц үйлчилгээ үзүүлдэг гэхчлэн урамшуулдаг талаар мэдээлэл байсан.
Хэрэг гарсаны дараахан фэйсбүүк дэх цахим хаягт нь зочилж үзэхэд садар самуун мэдээлэл голдуу шэйрлэж түгээдэг, түүн дээрээ хүүхдийн зураг ашигласан байсан. “Тухтай орчинд дуртай киногоо үзээрэй” гэсэн өрөө, орны зураг бүхий реклам ч байршуулсан байсан.
Дараа нь тэдгээр мэдээллээ устгаад “Очир төв” компани нь барилгын чиглэлээр ч бас үйл ажиллагаа явуулж байна. “Энэ газар “Очир төв, “Очир апартмент” есөн давхар 40 айлын орон сууц баригдаж байна, м/кв-ийн үнэ 1.2 сая, энэ оны сүүлчээр ашиглалтад орно” гэсэн зарыг түлхүү оруулж, захиалга авах хэсэгт 94149009 гэсэн утасны дугаар тавьсан байсан юм. Энэ утасны дугаар зочид буудлын ресепшний хаяг дээр ч бас давхар бичигдсэн байдаг юм билээ.
Хотын захын гэр хороолол дахь хуулиас давсан эрх мэдэлтэй энэ зочид буудлын эзэн хэн бэ, хэний бизнес вэ гээд асуулт бас л хөвөрнө. Тухайн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэлд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын обьект байж болзошгүй гэх мэдээлэл гарч байгаад намжсан юм. Д.Дамба-Очир гишүүн өөрийн цахим хуудастаа “Манай компанитай адилхан нэртэй зочид буудалд 13 настай охин амиа алдсаныг цочирдож хүлээж авлаа. Сэтгүүлчдийг мэдээллээ нягтлан оруулж байхыг хүсье” хэмээн мэдэгдэж байв.
Тэгсэн атал Д.Дамба-Очир гишүүний талаар эргэлзээтэй мэдээлэл бас дуулдаж байгаа юм.
Тэр нь юу вэ гэвэл,
Мөрдөн байцаалтын явцад эрхэм гишүүн хэргийг хянаж буй прокурор руу утасдаж “Хавтаст хэрэгтэй танилцмаар байна. Хэргээ нааш нь явуул” гэсэн байдаг.
Өөр хүн бол ингэх боломжгүй, эрхэм гишүүн албан тушаалаа ашигласан байдал эндээс харагдана. Ер нь бол “Очир төв”-тэй огт холбогдолгүй хүн ингэж сандрах уу гэдэг сонин. Эцэст тэмдэглэхэд, Д.Дамба-очир гишүүн 1991 онд“Очир төв” ХХК-ийг үүсгэн байгуулснаас эхлээд “Очир” нэрээр салбарласан олон охин компанитай. Тэдгээрийн хувьцаа эзэмшигч гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг юм билээ.
Хэрэг гарах үед “Очир төв” ХХК-ийн зочид буудал тухайн үед ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байснаа хэрэг гарсны маргааш Нийслэлийн аялал жуулчлалын газраас зөвшөөрөл авчихсан байдаг. Газрын дарга нь “Очир төв” нэртэй олон компани байдаг учраас толгой эргээд өгчихсөн гэх утга бүхий тайлбар тавьж байсан удаатай. Бүртгэлийн газраас аж ахуй нэгжүүд бүтэн нэр байтугай гурван үсэг давхцуулж олгодоггүй журамтай атал яагаад “Очир төв” нэртэй олон компанид тэр нь үйлчилдэггүй юм бол. Ер нь бол энэ мэтчилэн яагаад, яагаад гэсэн өчнөөн асуулт “Очир төв” рүү чиглэдэг. Гэвч ямар ч хариулт алга. Яаж тодорхой мэдээлэл ч байхгүй энэ хүрсэн юм бол?
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.3.11 № 49, 50 (6016, 6017)