“Нүд жаахан сүүмгэрхэн, чих жаахан тааруухан” хэмээн өөрийгөө тодорхойлох шавилхан буурал бол монголын ард түмний сайн танил “Фронт С.Цэгмид”.
1942 онд аугаа эх орны дайны фронтод алс монголоо төлөөлж, ард нийтийнхээ сэтгэлийн хандив, дэмийг хүргэхээр явахдаа 19-хөн настай байсан түүнийг Монголын ард түмэн “фронт С.Цэгмид” хэмээн авгайлсаар иржээ.
Өдгөө 97 насыг зооглож буй “Фронт С.Цэгмид” гуайн өөрийнх нь хэлсэнчлэн нүд сүүмгэр, чих тааруу бус харин ч насалж буй насандаа баймгүй “чих сонор, хараа хурц, ухаан сийрэг” нэгэн аж. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан чуулганд оролцохоор Улаанбаатар хотод ирсэн үед нь түүнээс цөөн асуулт асууж амжсан билээ.
Тэртээх 1942 оны дүн өвлөөр, дайны гал улалзсан алс фронтыг 19-хөн настайдаа зорьж, “орос ах нар”-т монголчуудынхаа сэтгэлийн бэлгийг хүргэж асан давтагдашгүй, гайхам түүх түүнийх. Тэгэхдээ үeийн орос цэрэгт сэтгэл алдарч явсан ч дахин уулзаагүй гунигт түүх ч түүнийх. Басхүү ЗХУ-ын удирдагч И.В.Сталинтай хундага харшуулж явсан залуу нас ч түүнийх. Тэр их түүхийн амьд гэрч ажээ.
С.Цэгмид гуай – “Би таван наснаасаа эхлээд насаараа мал малласан. Түүний хажуугаар эх орны дайны үед фронтод бэлэг хүргэх ажилд гар бие оролцож явлаа. Тэгээд аймаг сумандаа бишгүй л олон хурал, чуулганд оролцдог байлаа.
Дээр үеийн хурал чуулганд хамгийн залуу нь байсан бол одоо хамгийн өндөр настай нь болжээ. Би Анхдугаар сайн малчдын хуралдаанд 18 настай оролцож одон, медалиа авч байсан юм. Фронтод ард түмний бэлэг хүргэхэд Х.Чойбалсан зэрэг төрийн томчуудтай явж байхдаа 19 настай байлаа” хэмээн хуучилсан билээ.
Тэрээр 1942 оны 12-р сард фронтыг зорьж сар гаруй яваад хүрч байжээ. Энгэртээ Улсын сайн малчин цол тэмдэг гялалзуулсан түүнийг фронтод очих үед Носов гэх шумбагч онгоцны нисгэгч хүү Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор энгэрээ мялаалгаж, хоёр улсын залуухан хархүү, охин хоёрын зургийг хамтад нь дурсгал болсон авч байсан гэдэг. Түүнээс хойш С.Цэгмид гуай ОХУ-д олон удаа урилга, заллагаар очиж байсан ч Носов баатартайгаа нэг ч удаа тааралдаагүй тухайгаа ч гуниглангуй хуучлах ажээ. Түүний товчхон яриаг бичлэгээр үзүүлэв.