Япон улс өндөр настнуудынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг. Тус улсад зуугаас дээш настай 69,785 хүн амьдарч байна гэсэн судалгааг танилцууллаа. Эдгээр зуун настнуудын 88,1 буюу бараг 90 хувь нь эмэгтэйчүүд байна. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр эдгээр өндөр настнуудын биеийн байдал харьцангуй сайн байгаа гэжээ. Жил ирэх бүр зуун настнуудын тоо тогтмол нэмэгдсээр энэ онд 48 дахь жилдээ өссөн үзүүлэлт гарлаа. 2018 онд 2,000 гаруй хүн зуу нас хүрчээ. Японы эрүүл мэндийн яам өндөр настнуудынхаа эрүүл мэнд, урт удаан наслахад хүчин чармайлт гарган ажиллаж байгаа гэжээ. Япон улсад 1963 онд зуу насалсан 153 хүн амьдарч байжээ. 1998 он гэхэд 10,000 болж, 2012 онд 50,000 болж өссөн байна.
Өнөөдөр тус улсад ахмадын өдөр тохиож байгаа юм. Үндэсний хүн ам, нийгмийн аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгээс ирэх таван жилд 100,000, арван жилд 170,000 хүн зуун настнуудын эгнээнд шинээр орно гэж мэдээлсэн. Арлын оронд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87, эрчүүд 81 насалдаг болно гэж тооцжээ. Дашрамд сонирхуулахад Японы хамгийн урт насалж байгаа эмэгтэй 115 настай Кане Танака Фукуока мужид амьдарч байна. Харин хамгийн урт насалж байгаа эрэгтэй 113 настай Масазо Нонака Хоккайдод байдаг юм. Масазо Нонакаг өнгөрсөн хавар дэлхийн хамгийн урт насалсан эрэгтэйгээр Геннисийн номонд бүртгэсэн.
Эх сурвалж: www.japantimes.co.jp
Г.Ганчимэг