Байгальд хортой хог хаягдлын нэг болох гялгар уутыг хэрэглээнээс бүр мөсөн хасах бус хоёрхон төрлийн гялгар уутыг хэрэглээнээс гаргахаар болжээ
Гуравдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээний сав баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон тогтоол хэрэгжиж эхэлнэ.
Монгол Улсын хэмжээнд жилд хоёр сая тонн хог хаягдал гардгийн 1.4 сая тонн нь нийслэлчүүдийнх, нарийвчилбал үүнийх нь 500 тонн нь гялгар уут байдаг аж. Тиймээс байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг гэх гялгар уутны хэрэглээг ирэх гуравдугаар сарын 1-нээс хориглох тогтоол гарсан юм.
Одоо худалдаалагдаж буй зузаан, нимгэн бүх уутнууд 0,035 миллиметрээс зузаан байж чадахгүй гэж жижиглэн бизнес эрхлэгчид хэлж буй. Тэгэхээр бараг бүх гялгар уутыг хэрэглэж болохгүй гэсэн үг. 0,035 миллиметрээс нимгэн гялгар уутыг хэрэглэх, худалдаадах, импортлохыг хориглосон шийдвэр гаргасан ч орлуулах бүтээгдэхүүн байхгүй гэх шалтгаанаар худалдаа эрхлэгчид эсэргүүцсэн тул эхний ээлжид 10-ын бариултай цагаан уут болон цэнхэр, улаан судалтай уутнуудыг хэрэглэж болохгүй гэсэн аргачлалыг БОАЖЯ-наас гаргасан аж.