Дэлхийн нийтээрээ анхаарал тавин ажиглаж буй Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод эхэллээ.
Төрийн тэргүүнүүд өчигдөр орой Метрополь Ханой зочид буудалд хоёр дахиа нүүр тулан уулзаж, хүндэтгэлийн оройн зоог барьсан юм.
Удирдагчид өнгөрсөн зургадугаар сард Сингапурт уулзсанаас хойш найман сарын дараа уулзахдаа халуун дотноор мэндчилэн гар барьж байсныг хэвлэлүүд онцоллоо.
Түүхийн хуудсыг шинээр эргүүлж буй Трамп, Ким нарын уулзалтын хамгийн чухал шийдвэрүүд өнөөдөр гарна.
Олон улсын ажиглагчдын зүгээс уулзалт, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ажил баасан гарагт буюу гурав дахь хоногтоо үргэлжилж магадгүй гэж үзсэн.
Хүндэтгэлийн зоогийн дугуй ширээний ард Ким, Трамп нараас гадна зургаан хүн байлцсаны дотор Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн албаны үүрэг гүйцэтгэх дарга Ерөнхийлөгчийн туслах Мик Мульвани, орчуулагчаар Ли Юн Хиан, Умард Солонгосын талаас Хөдөлмөрчдийн намын төв хорооны дэд дарга Ким Ён Чол, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо, орчуулагчаар Син Хэ Ён нар багтжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгчийг улс төрийн зоримог, шийдэмгий шийдвэр гаргаж байгаад талархлаа илэрхийлсэн байна.
Дональд Трамп Ким Жон Уныг агуу удирдагч төдийгүй Умард Солонгос улсыг маш том ирээдүй, хөгжин цэцэглэлт, эдийн засгийн үсрэнгүй хөгжил хүлээж байгааг оройн зоогийн үеэр онцлон тэмдэглэжээ.
Үдийн зоогийн найрсаг уур амьсгалыг эвдэхгүйн тулд цөөн тооны хэвлэл мэдээллийн хэрэгслийг өрөөнд оруулсан байна.
Талууд хоёр дахь удаагаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулснаар Ким Жон Уныг дэлхийн нийтэд харах өнцөг, хандлага илүү найрсаг болно гэж ажиглагчид үзэж байна.
Өөрөөр хэлбэл Кимийн олон улсын тавцанд өөрийгөө таниулах чухал алхам болж байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com