СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2018-09-15

Цахим спортын томоохон үйл ажиллагаа зохион байгуулагдана

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 жилийн өмнө

Энэ сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод цахим спортын томоохон үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна. Esports Expo Mongolia (EEM) 2K18 хэмээх энэхүү үйл ажиллагаа нь Монгол улсад жил бүр цахим тоглоомын салбар,  цахим спортын хөгжил, чиг хандлага, шинэ технологи, тус салбарт бий болж буй ололтуудын талаар хэлэлцэх конференц, цуврал эвент, уралдаан тэмцээнээс бүрдэх үйл ажиллагаа юм байна. 

Esports Expo Mongolia (EEM) 2K18-ны хүрээнд 4 дэд үйл ажиллагаа явагдах бөгөөд цахим спортын хөгжлийн чиг хандлагын талаарх Esports Conference 2K18  конференц, цахим тоглоомын тоног төхөөрөмж, залуусын брэнд нийлүүлэгчдийн Esports Expo 2K18 үзэсгэлэн, CS:GO, Dota 2, Console төрлүүдийн тэмцээний финалын тоглолтуудаас бүрдсэн Esports Expo League 2K18 тэмцээн, цахим спортын баг, тамирчдыг ивээн тэтгэгч компаниудтай холбох, харилцаа холбоо тогтоох зорилготой Esports Grind үйл ажиллагаа зэргээс бүрдэх юм байна.

Зохион байгуулагчдын үзэж байгаагаар Esports Expo Mongolia (EEM) 2K18 үйл ажиллагаанд оролцох нь оролцогч талуудад дараах ач холбогдолтой юм байна. Үүнд:

Залууст: Монгол Улсад зохион байгуулагдаж буй цахим спортын хамгийн том цугларалтад нэгдэж, сонирхолтой эвентүүдийн нэг хэсэг болно. Цахим спортын баг, тоглоомын газруудын мэдээллийг нэг дороос авч, шилдэг багуудад гишүүнээр элсэх үүд хаалга нээгдэнэ. Уралдаан тэмцээнүүдэд оролцож, өөрийн ур чадвараа сорьж, түвшингээ тогтоох, сайжруулах талуудаа мэдэж авна.

Цахим спортын баг, тамирчдад: Дэлхий даяар цахим спортын хөгжил, чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа болон цахим спортын тамирчны хувьд дэлхийтэй хэрхэн хөл нийлүүлэн алхах талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэл олж авна. Цахим спортын салбарынхантайгаа холбоо сүлбээ тогтоож, мэргэжлийн тамирчин болох боломж нээгдэнэ.

Компаниудад: Дэлхий даяар эрчимтэй хөгжиж, Монгол Улсад жил ирэх бүр улам олон үзэгчидтэй болж буй цахим спортыг сонирхогч 16-34 насны хүүхэд, залууст бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах өргөн боломж нээгдэнэ. Энэ насныхан нь телевиз бага үздэг, сонин, сэтгүүл, цахим хуудас маш бага уншдаг, цахим тоглоомын шууд дамжуулалт, бичлэгээ тогтмол үздэг, анхаарлыг нь татах, сурталчилгаагаа хүргэхэд амаргүй зорилтот хэрэглэгчид юм. 

Цахим тоглоомын газруудад: Монгол Улсын цахим тоглоом, цахим спортын салбарын хамгийн том үйл ажиллагаанд өөрсдийн төвийг сурталчлах, давуу талаа таниулах, тоглогчдын урсгалыг татах боломж нээгдэнэ.

Esports Expo Mongolia (EEM) 2K18 үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг esportsexpo.mn цахим хуудаснаас нь үзээрэй!

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.