Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 16-нд болсон Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож, үг хэлэхдээ Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Тавантолгойн ордыг 100 жилийн хугацаатай, үнэгүй БНХАУ-ын компанид өгөх гэж байсантай холбоотой 178 хуудас бүхий баримтыг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хүлээлгэн өгсөн билээ. Үүний дагуу прокурорын байгууллагаас хавтас хэрэг нээгдэн шалгагдаж байгаа.
Энэ дагуу өнөөдөр үдээс хойш Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгч байна. Тэрээр "Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа" хэмээн жиргэжээ.
Удаад нь Монгол улсын сайд асан М.Энхсайхан АТГ-т мэдүүлэг өгөхөөр очих ёстой. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулгын ярьснаар энэхүү ажиллагааг Ц.Элбэгдорж удирдан, тухайн үед Монгол улсын сайд байсан М.Энхсайханаар хийлгүүлэх гэж байсныг тухайн үеийн УИХ таслан зогсоосон гэж хэлсэн юм.