Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрсдийн хамаарал бүхий компанидаа зээл авсан нь батлагдсан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг Прокурорын байгууллагаас яллагдагчаар татан шалгахаар болж, улмаар гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлж өгөхийг УИХ-аас хүссэн боловч, авч үлдсэн.
Яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдээс хамгийн түрүүнд Б.Ундармаа очиж тогтоолтойгоо танилцан гарын үсэг зурсан байдаг. Бусад дөрвөн гишүүн гадаад, дотоодод томилолтоор явж байна гэсэн шалтаг хэлэн, шалгах явцад саад учруулж байгаа талаар Прокурорын байгууллага гомдол гаргаж байсан билээ.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр Б.Батзориг, Л.Энхболд, Д.Дамба-Очир нар уг тогтоолтой танилцан гарын үсэг зуржээ. Харин ганц Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Солтан хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг үл ойшоож, яллагдагчаар тооцох тогтоолтой танилцахгүй байгаа аж. АТГ-аас удаа дараа зарлан дуудах хуудас өгсөн боловч ирэхгүй, “Хөдөө ажлаар явж байна”, “Гадагшаа томилолтоор явлаа” хэмээн зугтаж байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн Г.Солтан өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” компанидаа малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх төсөл бичиж, ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон хэмээн Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан юм.