Өнгөрсөн жил Пуэрто Рикогийн арлыг хоёр ч удаа хүчтэй далайн хар салхи дайран өнгөрч, 3,000 хүн амиа алдсан гэх албан ёсны дүн мэдээг наймдугаар сард танилцуулаад байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа “Пуэрто Риког хар салхи дайран өнгөрөхөд 3,000 хүн амиа алдаагүй” хэмээн жиргэжээ. Түүнчлэн “энэ хэрэг явдал бол Ардчилсан намынхан намайг муу удирдагч гэж харуулахыг хүссэн хуурамч тоо” гэсэн байна. Ардчилсан намынхан Трампыг Пуэрто Риког дахин сэргээх ажилд анхаарлаа хандуулж байхад нь шүүмжлэн буруутгасаар байсан тухай мөн жиргэжээ.
Пуэрто Рико бол АНУ-ын харьяаллын арал гэж явдаг, 3,3 сая оршин суугчтай. Жилийн өмнө Мариа далайн хар шуурганы улмаас 2,975 хүн амь эрсэдсэнийг Жорж Вашингтоны Их Сургуулийн судалгааны баг мөрдөн шалгасан юм. Пуэрто Рикогийн захирагч энэ тоо баримтыг албан ёсны, бодит дүн мэдээ болохыг баталсан. Мариа болон Ирма далайн шуурганы үеэр байшин барилга, хог нурангинд дарагдаж 64 хүн амиа алдсан нь хамгийн эхний тоо баримт. Үүний дараа хагас жилийн хугацаанд хар салхинаас болж эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа доголдож, тог цахилгаан тасран, ундны ус хомсдсоноос олон зуун хүн үрэгдсэн гэж Их Сургуулийн судалгааны баг үзжээ. Нэн ялангуяа эрчим хүч ойр ойрхон тасарснаас чихрийн шижин, цусны халдвар олон хүнийг үхэлд хүргэсэн байна. Харвардын Их Сургуулийн эрдэмтэд ч мөн Пуэрто Рикогийн нөхцөл байдал дээр үндэслэн амиа алдсан иргэдийн тоо 3,000-аас ч хол давж 4,600 хүрсэн гэжээ.
Трампын жиргээнд Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуан хотын дарга Кармен Круз хариу барьж “Ноён Трамп, та бидний эсрэг мэлзэж болох ч юу тохиолдсоныг бид өөрсдөө маш сайн мэдэж байгаа. Тиймээс өөрөөсөө ичих хэрэгтэй” хэмээн жиргэсэн байна. Мөн Мариа далайн хар салхи ойрын жилүүдэд Пуэрто Риког дайран өнгөрч байгаагүй хүчтэй далайн шуурга байсныг хэлжээ.
Эх сурвалж: www.bbc.com