Бидний мэддэг хүүхэлдэйн киноны хүчирхэг баатрууд ихэвчлэн бариу хувцас, савхин өмд, нууцлаг багаар зүсээ хувиргадаг. Харин Эмара охинд эдгээрийн аль нь ч байхгүй. Түүнд зөвхөн хижаб гэх Араб үндэсний толгойн алчуур л байгаа. Эмара охин өдрийн цагаар Моза гэдэг нэртэй өсвөр насны охин, шөнө нь аймшиггүй чин зоригт баатар болон хувирч Арабын Нэгдсэн Эмирт улсын аюулгүй байдлыг хамгаалж гэмт хэрэгтнүүдтэй тэмцдэг. Энэ бол Фатма Алмейрийн 21 настай байхдаа бүтээсэн хүүхэлдэйн киноны гол дүр.
Баатарлаг араб охины түүхийг Алмейри хоёр жилийн турш Youtube сувагт байрлуулж 75,000 байнгын үзэгчтэй болжээ. Абу Даби хотод төрж өссөн Алмейри хүүхэд байхдаа телевизээр олон хүүхэлдэйн кино үздэг байсан ч тэдний аль нь ч дотно танил санагддагүй байжээ. Тиймээс хүүхэд байхдаа мөрөөдөж ирсэн дүрээ Эмара охиноор дамжуулан буулгасан байна. Араб гаралтай хүүхэлдэйн киноны супер баатар эмэгтэйчүүд одоо гурвуулаа боллоо. Саудын Арабын Латифа охин, Пакистан гаралтай америк дүр хатагтай Марвел нартай Эмара охин нэгдлээ.
Алмейри АНУ-д ирээд өөрийн супер охиноо бүтээж эхэлсэн байна. Яагаад гэвэл Америкчууд араб эмэгтэйчүүдийн талаар маш олон худал, ор үндэсгүй төсөөлөлтэй мэт санагдаж. Тиймээс араб үндэсний соёлын талаар бодит төсөөллийг хүргэх хэрэгтэй гэж бодсон байна. Эмара охины тухай хүүхэлдэйн кинонд баатарлаг үйл хэргээс гадна араб соёлыг үнэн бодитоор таниулахыг зорьжээ. Араб хэл дээр гарсан зурагт хүүхэлдэйг Америк, Өмнөд Америк, Испани, Саудын Арабчууд голлон сонирхож үздэг байна. Исламын шашинтай болон араб гаралтай охид зохиогч руу зурвас илгээж сэтгэлд дотно баатарлаг охины дүр бүтээсэнд талархлаа илэрхийлдэг гэжээ.
Эх сурвалж: www.cnn.com