Ажилгүйдэл, ядуурал гэдэг зөвхөн манай улсад байгаа хүндрэл бэрхшээл биш юм. Дэлхийн нийтээрээ иргэд дээд боловсрол эзэмшсэн ч ажилгүй орлогогүй сууж, ядуусын эгнээнд шилжиж байгаад анхаарал хандуулж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Ядуурлын эсрэг тэмцэл амжилттай явагдаж байгаа” тухай мэдэгдсэн ч бодит байдал өөр гэдгийг тус улсын Хүн амын тооллогын хороо мэдээлжээ.
2016 онд АНУ-ын нийт айл өрхийн 12 хувь нь ядууд тооцогдож байсан бол 2017 онд энэ тоо өөрчлөгдөөгүй. Харин их дээд сургууль, коллежийн боловсрол эзэмшсэн ч ядуусын эгнээнд ордог дээд боловсролтнуудын тоо нэмэгджээ. 2016 онд дээд боловсрол эзэмшигчдийн 4,5 хувь нь ядуусын тоонд багтдаг байсан бол 2017 онд энэ тоо 4,8 хувь болж өсчээ. АНУ-д их сургуулийн дипломгүй насанд хүрэгсдийн 24,5 хувь нь ядуучуудын эгнээнд байдагтай харьцуулахад 4,8 хувь бага сонсогдож болох. Гэхдээ сүүлийн таван жилийн хугацаанд дээд боловсролгүй ядуусын тоо буурсан.
Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг Америкт дээд боловсролтой ядуусын тоо нэмэгдсээр байгаа нь эдийн засгийн байдлаас улбаатай юу эсвэл боловсролын тогтолцоотой холбоотой юу гэдгийг хараахан тайлбарлах боломжгүй гэжээ.
Эх сурвалж: www.qz.com