Хятад, Энэтхэг улсууд хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлдэг орнууд. 1990-ээд оны үед эдгээр улсуудад ядуурал газар авч байсан бол өнгөрсөн хугацаанд олон зуун сая иргэний амьдралын түвшин дээшилсэн байна. МакКенси Глобал хүрээлэнгээс дэлхийн 71 орны 1965-2016 он хүртэл 50 жилийн статистик тоон мэдээллийг цуглуулж дээрх судалгааг хийжээ. 70 гаруй орны жагсаалтыг Хятад тэргүүлж 90-ээд оноос хойш хамгийн их хүн ам буюу 730 сая иргэнээ ядуурлаас гаргасан байна. Харин Энэтхэг улс 170 сая иргэний амьдралын түвшинг дээшлүүлж жагсаалтын хоёрдугаарт оржээ. Эдийн засгийн хөгжиж, дундаж давхаргын иргэдийн амьдралын түвшин дээшилж, орлого нэмэгдсэнээр хуримтлал үүсгэхэд болон захиран зарцуулахад хангалттай мөнгөтэй болсон нь ядуурлаас гарахад тусалсан гэж МакКенси Глобал хүрээлэн үзжээ.
Нэн ялангуяа Энэтхэг улс 2020 он гэхэд Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөө тогтмол долоон хувьд барих төлөвлөгөөтэй. Томоохон компаниуд, аж үйлдвэрүүд Энэтхэгийн эдийн засгийн хөгжилд маш том түлхэц болж байгаа нь судалгаанаас харагджээ. Мөн техник технологи хөгжихийн хэрээр стартап компаниудын эрхийг Энэтхэгийн Бенгалурь, Хятадын Бээжин, Шанхай хотуудад маш хурдацтай олон тоогоор олгож байна. Гэсэн ч Энэтхэгийн 10 хүн тутмын хоёр нь ядуу буурай аж төрсөөр, баян-ядуугийн ялгаа их байна гэжээ.
Хятад, Энэтхэгийн 10 хот тутмын наймд аж үйлдвэрлэл явуулах тусгай эрх давхар оронтой тоогоор нэмэгдэж байгаа бол АНУ-ын 10 хот тутмын гурав нь л эдгээр хотуудын хөгжилтэй эн зэрэгцэж байна. Санхүүгийн фирмүүд цоо шинэ технологи, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнээс ашиг орлогынхоо 56 хувийг бүрдүүлж байгааг МакКенси Глобал хүрээлэн мэдээлжээ.
Эх сурвалж: www.cnn.com