УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд хэрэв мэдэгдэж, улстөрчдөд сэрэмжлүүлээгүй байсансан бол Монгол улсын саалийн үнээ, үндэсний аюулгүй байдлын нэгээхэн баталгаа болсон Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь Ц.Пүрэвтүвшингийн эзэмшлийн монгол компаниас Сингапур дахь компани руу нь шилжих байлаа. Энэ бол хөдлөшгүй баримт.
Гэтэл Ц.Пүрэвтүвшин нар баримт нь илчлэгдэнгүүт ичсэн хүн, хүн ална гэгчээр “Стандарт банктай холбоотой Эрдэнэт үйлдвэр төлөх болчихоод байгаа 220 тэрбум төгрөгийг төлөхгүй байх арга нь Сингапурын компани руу шилжүүлэх юм. Ингэж байж бид олон улсын шүүхээр “хамгаалагдана”” гэж хэллээ. Үүнийгээ ч хэвлэл мэдээллээр тодорхой давтамжтай явуулж байна. Энэ бол нүд хуурсан арга.
Ц.Пүрэвтүвшин гэж хэн бэ? Тэрээр Эрдэнэтийн 49 хувийн цорын ганц эзэмшигч. Түүний ард хэн байна? Гуя дагаж хүзүү гэгчээр эдгээр хоёр том компаниас гадна Ц.Пүрэвтүвшин Багануурын уурхайг хүнд байдалд оруулаад байгаа хүн гэдгийг нийгэм мэдэх үү? Энэ бүхэн дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга үнэний сэлмээ эргүүлэхгүй гэж үү.
"Монголын зэс корпорацийн ТУЗ хуралдаж, "Эрдэнэт"-ийн 49 хувийг Сингапурын “Эрдэнэт корп Пти” компанид худалдах шийдвэрийг 2019 оны нэгдүгээр сарын 11-нд гаргажээ. Энэ нь удалгүй, Эрдэнэтийн 49 хувийн цор ганц эзэмшигч Цоож овогтой Пүрэвтүвшин гэгч залуугийн монгол компаниас Сингапурт байгуулсан компани нь руу шилжүүлэх гэж байсан нь тодорхой болсон юм.
Монгол улсын бахархал, татварын үлэмж хэсгийг бүрдүүлэгч, стратегийн гол үйлдвэрийг ингэж хуйвалдааны замаар гадаад руу дур мэдэн шилжүүлж болдог юм уу?
Эрдэнэтийн 49 хувь одоогоор төрийн мэдэлд байгаа. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн мэдэлд байгаа” гэж мэдэгдсэн.
“Монголын зэс”-ийнхэн хэдийгээр шүүх дээр ялалт байгуулсан боловч Улсын бүртгэл дээр тэдэнд 49 хувийг албан ёсоор шилжүүлж өгөөгүй байгаа аж. Шилжүүлж өгөхгүй байгаа нь Засгийн газрын том бодлогын илрэл гэсэн яриа бий. Ер нь энэ нь ч зөв.
Эрдэнэтийн 49 хувийг зөвхөн Засгийн газрын хуралдаанаар, хуйвалдааны замаар шилжүүлсэн байж болзошгүй үйлдэлд нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэтдээ, Эрдэнэтийн 49 хувь төрийн мэдэлд эргэн ирэхэд ард түмэн алга ташин хүлээж авна үү гэхээс “Сахал” Д.Эрдэнэбилэг болон түүний хүүхэлдэй Ц.Пүрэвтүвшин нарын талд орохгүй.
Монголын ард түмний олонх нь одоог хүртэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь хууль бусаар ХХБ-ны бүлэглэлийн гарт орсон гэдэгт итгэдэг. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй эзэмшсэн нь татвар нуун дарагдуулахаас долоон дор үйлдэл ч гэж үздэг.
Дундговийн Салхитын мөнгөний орд дээр Засгийн газар тусгай ажиллагаа явуулж, төрийн мэдэлд аваад байгаа. Үүн лүгээ нэгэн адил Эрдэнэтийн 49 хувь дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр тусгай ажиллагаа явуулж магадгүй гэсэн мэдээлэл байгаа нь юуг хэлнэ вэ. Цагаан сарын дараа Ерөнхий сайдыг өөрөө биечлэн нэгэн том ажиллагааг удирдана гэсэн мэдээлэл тархаад буй. Энэ нь Эрдэнэтийн 49 хувийг эргүүлэн авах ажиллагаа гэж ярьж байна. Хэрэв ингэвэл нийгэмд шударга ёс тогтох үүрийн гэгээ гийж мэдэх юм.
Хүмүүс нэг зүйлийг огтоос анзаарахгүй байгаа нь Ц.Пүрэвтүвшин нар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай хамт Монголросцветмет нэгдлийн 49 хувийг хамтад нь шилжүүлэх гэж байсан юм биз гэсэн хардлага. Учир нь “Монголын зэс корпораци”-ийн мэдэлд Эрдэнэт болон Монголросцветмет нэгдлийн 49 хувь хадгалагдаж байгаа юм. Гэтэл тус корпораци 1.1 сая ширхэг хуввьцаагаа Ц.Пүрэвтүвшин рүү шилжүүлэх, мөн Сингапур руу худалдах чиглэлийг өгсөн байна шүү дээ.
Монголросцветмет нэгдэл юу, юуг эзэмшдэг вэ?
Тус компанийн мэдэлд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орших “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Шижир алт” ХХК, “Зэрэгцээ” алтны үйлдвэрүүд байдаг. Асгатын мөнгөний орд ч бас байсан /Засгийн газар хураан аваад байгаа.Сур/.
Мөн Ц.Пүрэвтүвшингийн мэдэлд “Алтайн гянт” ХХК бий. Багануур ХК-тай шүүхдэлцэж байгаа энэхүү компанийн талаар уншигчид сайн мэддэг болоод байгаа. Багануурын газраас хууль бусаар авсан гэж Багануур ХК үзэж байгаа.
“Алтайн гянт” ХХК-ийн эзэмшлийн талбайд 468 сая тонн нүүрс байна. Багануурын ирээдүйн хувь заяа энэ хэсгийг өөртөө нэгтгэх эсэхээс хамаарна гэж мэргэжилтнүүд хэлдэг. Иймд заавал Багануур ХК шүүх дээр ялалт байгуулах ёстой гэх юм билээ. Ц.Пүрэвтүвшин энэ компанийнхаа хувьцааг Эрдэнэтийн 49 хувьтай хамт Сингапур руу шилжүүлэх гэж байсан юм биз биз?
Одоо энэ бүх зүйлийн ээдрээг тайлах нь Засгийн газрын тэргүүний мэдэлд байна. МАНАН бүлэглэл гэж сүүлийн үед олонтаа ярьж байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “МАНАН бүлэглэлийн эзэн бол “сахал” Д.Эрдэнэбилэг” гээд тодорхой заагаад өгчихлөө. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын үед хэрэгжүүлэх ажил нь өмнө нь байна.
Эрдэнэтийн 49 хувь төрд эргэж ирэх үү? Ерөнхий сайд шударга үнэний сэлмээ сугалах уу? Нийгэмд шударга ёс тогтох уу? Гэтэл нийгэмд шударга үнэн ус, агаар шиг хэрэгтэй байдаг...