Сэтгэлийн гансралд орох нь далд ертөнцийн амьтдын нөлөөнд автсаны нэг шинж
-Таны бодлоор далд ертөнц гэдэг юу вэ?
-Далд ертөнц буюу хүн бусын ертөнц гэдгийг би олон жил судалж байна. Хүн гэдэг өөрсдийн усан мэлмийд харагдаж байгаа зүйлдээ л итгэдэг. Харагдахгүй бол байхгүй мэт үзээд үлгэр домгийн ертөнц мэтээр төсөөлдөг. Ямар нэгэн далдын хүчин зүйл байна хэмээн дотроо эмээдэг талтай. Яг нарийн цэгцтэй ойлголт хүмүүст байдаггүй. Тэгэхээр энэ сав, шимийн ертөнцөд живж оршдог, тархмал оршдог амьтад гэж бий. Сав ертөнц нь бидний амьдарч буй уул ус, ургамал ногоо, дэлхий юм. Харин шим ертөнц нь энэ байгалийг шүтэж амьдарч буй амьтад, хүмүүс юм. Шим ертөнц дотроо тархмал оршигч амьтад гэдэг нь ад, дон, лус, савдаг, албин, тийрэн, чөтгөр гээд нүднээ үл харагдагч амьтан хэдэн мянгаараа бий. Далд ертөнцийн эдгээр амьтдыг хутагт хувилгаад өөрийн хүслээр харж чадна. Аль эсвэл хийморь сүлд нь их доройтсон, хүнд өвчтэй хүмүүст харагддаг талтай. Архинд хэт донтсон хүмүүсийн яриад байдаг, хүн итгэмээргүй зүйлс үнэн байдаг юм шүү дээ. Азарган тахиа шиг амьтан нуруун дээрээс хазлаа, бие дотуур хорхой гүйх шиг санагдлаа гэдэг ч юм уу. Архинд хэт донтсон, бузартахад хамт төрсөн заяаны тэнгэр нь хаядаг, ад донгийн амьтдад хорлогдож, шийтгүүлдэг. Хийморь тэгш яваа эгэл хүнд ад донгийн амьтад харагдахгүй. Энэ амьтадтай хэрхэн зөв зохицож явахаас бидний амьдрал бас хамаардаг. Сэтгэл санаа хэвийн бус болох, хийтэх, сэтгэлийн гансралд орох зэрэг нь далд ертөнцийн амьтдын нөлөөнд автсаны нэгэн шинж.
Монголчууд голын хий нь хөдөлчихөж гэж ярьдаг. Янз бүрийн бясалгалын төвүүд сүүлийн үед их гарч ирсэн. Үүнд хүмүүс их болгоомжтой хандах нь зүйтэй. Энэ нь бясалгалд суугаад мэдлэг, мэдээлэлгүйн улмаас голын хийгээ хөдөлгөдөг. Хүний сэрэмж хэтэрхий сэргэхээр янз бүрийн зүйл харж, сонсдог болчихдог юм. Ядам бурхны хамгаалалтгүйгээр сэрээчихлээр тэр хүн галзуурна. Иймэрхүү байдлаар олон хүн шар хаданд очсоныг өнөөдөр нууцалж байна. Бясалгалд явах нь хэн хүний оролдох тоглоом биш. Голын хийг хөдөлгөх, хийн хөдөлгөөн алдагдах хамгийн аюултай. Өөрийгөө хорлох магадлал өндөр.
-Архи уусан хүн яагаад амархан хорлогддог юм бол?
-Шөнө орой дэмий тэнүүчлэх, архидан согтуурах, дуулж хуурдах, садар самуун үйлд хэтэрхий хөл алдах нь хүний дархлааг алдагдуулдаг. Хамгаалалт нь суларсан учраас янз бүрийн зүйлд амархан хорлогддог. Иймэрхүү шалтгаанаар над дээр олон залуус тусламж гуйж ирдэг. “Ангийнхантайгаа шоудаж яваад нэг мэдсэн тасарчихсан байсан. Тэгээд сэрсэн чинь бие сул. Унтахаар зүүдэнд янз бүрийн зүйл үзэгдээд, орой үдэш гадуур явахаар хэн нэгэн араас нэрээр дуудаад байх шиг санагдах боллоо” гэдэг. Энэ сав, шимийн ертөнцөд бид өөрсдөө биеэ хичээж, болгоомжтой амьдрах ёстой. Бид өөрсдөө тэдгээр далд ертөнцийн амьтдыг догшруулж, уур уцаарыг нь төрүүлдэг. Лусын буулт, буцалттай өдөр нь хиншүү хярвас гаргаад хамгийн хайртай амьтад болох могой, загас зэргийг нь хөнөөчихвөл хилэгнэнэ. Уул, ус бузартуулах ч мөн адил. Дулаан орохоор машин тэрэг, бохир зүйлсээ хамаагүй гол усанд угаагаад байвал ам хамраар нь яр шавахаас эхлээд аваарт орж гэмтэж, эндэж ч мэднэ. Лус гэдэг амьтан байна гэдэг ингэж мэдэгдээд байгаа шүү дээ. Үнэхээр ийм зүйл байдаг гэдэгт итгэхгүй байвал голын эхэнд очоод махны шүүс ч юм уу бузар хийгээд үз. Маргааш нь л гэхэд ямар нэг шинж тэмдэг заавал мэдэгдэнэ. Гэхдээ ийм зүйл туршиж үзэх тэнэг хүн арай байхгүй биз дээ.
Хүний сэрэмж хэтэрхий сэргэхээр янз бүрийн зүйл харж, сонсдог болчихдог
-Энэ бүхэн бид өвөг дээдсээсээ уламжилж ирсэн ёс заншил, уламжлал мартагдаж эхэлсний шинж байх?
-“Амьтай болгон сүнстэй, амьгүй болгон эзэнтэй” гэдгийг санаж, хүндэлж харьцах ёстой юм байна гэдгийг л мартаж болохгүй. Үүнээс гадна хүмүүс өөрсдөө сэвтэж, бузартах үйл хийсээр. Хэрүүлийн бузар, хоолны бузар, хувцасны бузар, хэрүүлийн бузар, дэвсгэрийн бузар гээд олон бузар буй. Тэр дундаа буудлаар хонож өнждөг хүмүүс дэвсгэрийн бузар хүрчихвэл хэзээ ч салдаггүй. Тиймээс болж өгвөл буудал, цэнгээний газраас холуур явж бай. Хүн их амархан бузартаж, сэвтдэг. Дөнгөж төрсөн хүүхдэд муухай хиншүү хярвас үнэртүүлбэл сэвтэж, дотоод сэтгэл муутай хүүхэд болох нигууртай. Мөн тас няс хийсэн чимээ сонсгож цочоовол бие нь өвдөж мэднэ. Монголчууд эртнээс нааш хүүхдийг таван нас хүртэл нь бурхан шиг байлга гэж сургасаар ирсэн. Чихэнд нь гоё сайхан үг сонсгож, анхилуун арц хүжний үнэр үнэртүүлж байвал заяа буянд нь сайн, ухаантай хүүхэд болж өсч хүмүүждэг гэдэг. Бүүвэйн дуу дуулж өгч байвал дотоод сэтгэлийн агаар сайтай уян зөөлөн сайхан сэтгэлтэй болдог. Хань ижлээ зодож нүддэг, хатуу сэтгэлтэй хүмүүс ихэнхдээ бүүвэйн дуу сонсч өсөөгүй хүмүүс байдаг юм шүү дээ. Бие, хэл, сэтгэлийн ариуныг баримталж чадвал хүний сүлд хийморь хэзээ ч доройтохгүй. Хулгай хийх, амьтны амь хөнөөх, буруу хурьцал үйлдэх чинь биеэр үйлдэх гурван нүгэлд орно. Арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг дэлгэрүүлж явбал хүн сайхан амьдарна. Амар амгалан, тэгш сайхан амьдралын ерөндөг нь ердөө л энэ.
Хүн болж төрнө гэдэг ховор хувь заяа. Тэр дундаа эрхтэн бүтэн төрнө гэдэг бүр ч ховор
-Бидний амьдарч буй энэ эрин үе чухам ямар онцлогтой болох талаар та ярьж өгөөч?
-Бурхны шашинд галав, галаваар нь ангилдаг. Галавыг дотор нь зулт, харанхуй гэж хоёр хуваадаг. Харанхуй галав нь шашин ном, эрдэм мэдлэг дэлгэрээгүй үе. Бүдүүлэг зэрлэг, дайн тулаантай байна. Бидний азаар гэх үү дээ энэ амьдарч буй үе бол зулт галав буюу ном эрдэм дэлгэрсэн, гэгээрсэн, буяныг дэлгэрүүлсэн, таньж мэдсэн, бурхны шашин, дээдийн ном, нууц тарнийн ном дэлгэрч чадсан хүн төрөлхтөн төгс гэгээрэлд хүрэх боломжтой үе юм. Энэ галавт эгэл хүний биед хэдий төрсөн ч гэлээ төгс гэгээрч дээд төрөлд хүрэх боломжтой. Энэ эрин төгсөөд Майдар бурхны эрин эхлэх юм. Майдар бурхан хэдий заларсан ч нууц тарнийн ном номлохгүй учир хүн төрөлхтөн сайн заяанд юүлэгдэх боломж хомс болох юм билээ. Тиймээс бид маш азтай, хувь заяатай хүмүүс. Бид дээдийн ном эрдэмд шамдсан тохиолдолд нэг насаар гэгээрч, бурхан болж болох нь ээ.
Ихэвчлэн бид урьд төрөлдөө адгуус мэтийн муу заяанд их төрсөөр ирсэн. Ингэж явсаар их буяны хүчээр энэ үетэйгээ золгосон байх нь. Хүн болж төрнө гэдэг ховор хувь заяа. Тэр дундаа эрхтэн бүтэн төрнө гэдэг бүр ч ховор. Эхээс төрөхийн өрөөл татанхай, хараагүй сонсголгүй оюуны хомстолтой хүмүүс хэдэн зуун саяараа байдаг. Энэ дундаа эрхтэн бүтэн, таван мэдрэхүй төгс, оюун ухаан төгс төрсөндөө баярлах хэрэгтэй. Тэр дундаа Монгол бурхны шашин дэлгэрсэн оронд төрсөндөө бид азтай хүмүүс. Бурхны шашин дэлгэрээгүй оронд төрсөн бол бид магад харанхуй бүдүүлгээрээ л дуусна. Энэтхэг, Төвд, Монголыг номт гурван улс хэмээдэг. Тиймээс бахархах ёстой юм. Бурхны шашин дэлгэрсэн оронд төрчихөөд ном эрдэмд шамдахгүй байх нь үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй хэрэг болно.
Сүүлийн үед хүмүүс зөвхөн өөрийн үзсэн, харсан зүйлийнхээ хүрээнд сэтгэдэг, ярьдаг болсон нь харамсалтай. Гадаад ертөнц бус дотоод ертөнц рүүгээ илүүтэй анхаараасай. Хүний ярих багасаад бодох нь ихсээд ирвэл гайхамшигтай. “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэг шиг долоон удаа бодож байж нэг яривал сайн. Гэтэл өнөөдөр юу ч бодохгүйгээр ярьдаг хүмүүс олон болжээ. Залуус цахим ертөнцөөр хий дэмий доншуучилж байхаар үнэн мэдлэг дагуулсан ном их уншаасай, мэдлэг хуримтлуулаасай гэж захимаар байна. Гадаад хэл сур, авьяасаа нээ. Буддын шашны сургаалд залууст хэрэгтэй олон давуу тал бий. Сууж сурна, бодож сурна, сонсож сурна гэдэг гайхамшиг. Өнөө маргаашаа аргацааж, машин, байр мөрөөдөөд байвал адгууснаас ялгаа юун. Жаахан тэнгэрлэг зүйлд хүсч, шуна. Өөрсдийн эцэг өвгөдийн өв соёл, нарийн ном сургаал эрдмийг л дэлгэрүүлж чадвал бид дэлхийд гайхуулж чадна шүү дээ.
Сууж сурна, бодож сурна, сонсож сурна гэдэг гайхамшиг
-“Ханийн тэнгэр, үрийн буян” лекц та уншиж байсан. Сүүлийн үед залуусын гэр бүл салалт нийгэм эмзэглүүлсэн асуудал боллоо?
-Үүнийг би залуусын боловсрол нимгэн байгаатай шууд холбоотой гэж хэлнэ. “Эр, эмийн харилцаа боловсролтой ямар хамааралтай юм бэ” гэж хүмүүс гайхаж магадгүй. Гэтэл бидний өвөг дээдэс эртнээс нааш зөвхөн хүсэл шуналаар бус мэдлэг боловсролоороо эр эмийн холбоонд хандаж ирсэн уламжлалтай.
Ном сургаал, зурхай нь хойч үеэ битгий алдаасай гэсэндээ бичиж үлдээдэг зүйл. Хэрэггүй эд байсан бол хэдэн зуунд үрэгдэлгүйгээр өнөөдөртэй хэрхэн золгох вэ дээ. Үнэн мэдлэг гэдэг хэзээ ч хуучирдаггүй юм.
Зурхайг дотор нь амьдын зурхай, үхэгсэгдийн зурхай, бэрийн зурхай гэж гурав хувааж үздэг. Үүнээс бэрийн зурхайд залуу хосууд ханилан суухад чухам юун дээр анхаарах ёстой вэ гэдгийг бүгдийг нарийн хэлээд өгчихсөн байдаг. Харш жилтэй хүмүүс хэчнээн бие биедээ хайртай байгаад зан ааш нийлэхгүйн улмаас гэрлэж болдоггүй. Жилээс гадна махбодь, мэнгэний нийцлийг бас харна. Олон зууны тэртээгээс шүтэн дээдэлж ирсэн зурхай шүү дээ. Бэрийн зурхайд хэзээ хүнтэй суух, хэзээ хүүхэд гаргах талаар маш нарийн зүйлсийг зааж өгсөн байдаг.
Эхнэр авахад харш жил гэж бий. Жишээ нь хулгана жилтэй хүү хонь жилд гэргий авч болохгүй. Үхэр жилтэй хүү бич жилд хүнтэй сууж болохгүй. Мөн элдэв харш жил гэж бий. Хулгана жилтэй хүү үхэр жилтэй охинтой идэлцэх харш. Үхэр жилтэй хүү бар жилтэй охинтой хүч тэнцэх харш. Хүч тэнцэх харш гэхээр хоёулаа амбиц хөөгөөд хэн хэндээ буулт хийхгүй байсаар амьдралаа алдах нь байна шүү дээ. Үхэр жилтэй хүү хонь жилтэй охинтой гэрлэвэл буурах харш. Хэзээ ч буян хишиг дээш гарахгүй нь.
Хүсэл шуналдаа хөтлөгдөж, сохроор хэн нэгэнтэй суучихаж болохгүй
-Эмэгтэй хүнд гэрлэж болохгүй нас, эрэгтэй хүнд гэрлэж болохгүй он жил байдаг гэж та ярилаа. Энэ талаар тодорхой яриач?
Эмэгтэй хүнд гэрлэж болохгүй нас гэж байдаг. Буруу насандаа хадамд гарчихвал байн байн төрсөн гэртээ буцах нигууртай. Мөн байн байн хэрүүл, тэмцэл босч хадамдаа адлагдана. Жишээ нь хулгана жилтэй охин байлаа гэхэд 17,18, 26, 27 насандаа гэрлэж болохгүй. Хонь жилтэй охин 16, 22, 26, 36 насандаа гэрлэж болохгүй байх нь. Буруу насандаа гэрлэсэн тохиолдолд гэрийн боол аятай байж, хань нөхөртөө хайрлагдаж чадахгүй. Эдгээр зүйлийг мэдэхгүйн улмаас залуу хосууд үерхээд удалгүй салж байна. Энэ салалтаас охид хүүхнүүд бие давхар болж хохирч үлдэж байна шүү дээ.
Бэр гуйлгахгүйгээр айлд очсон эмэгтэй хүн төрсөн гэртээ байн байн буцах нигууртай байдаг. Хадаг тавиагүй гэр бүл болчихсон хос маш их байна. Үүнийг нэр хүнд муутай, хойшдын амьдралд нь садаатай гэж үздэг. Ямар ч байсан эрчүүд минь ханиа сайхан хадаг тавиад аав, ээжийг нь амьд дээр ном ёсоор нь гуйгаад авчих хэрэгтэй. Энэ нь залуу хосын цаашдын амьдралд ерөөл билигтэй.
Энгэр зөрүүлэх уламжлалт ухаан гэж байна. Буруу үед аль эсвэл ёс бус хурьцал үйлдэх үед тогтсон үр хүүхэд өвчтэй төрдөг. Эмэгтэй хүний эр хүнтэй анх энгэр зөрүүлэх насыг хүртэл заасан. 18-25 насанд сайн гэж байна. Бас энгэр зөрүүлэхэд харш хүмүүс гэж бий. Нууц эрхтний харш жилтэй хүмүүс хоорондоо суувал үр хүүхэд ерөөсөө гардаггүй. Хүү олох арга гэж бий. Ураг олдсоноос хойш сахих ёс жаяг байна. Тэр хүүхэд ямар өдөр олдсоноос хувь заяа нь хамаардаг.
Гэрлэж болохгүй насандаа хадамд гарвал төрсөн гэртээ буцах нигууртай
-Хүнийг гадаад төрхөөр нь нарийн шинждэг гэл үү?
-Тийм ээ. Хүнийг гадаад төрхөөр нь шинжиж болдог. Эмэгтэй хүнийг бадмын, зургийн, лавайн, мамын язгуурт гэж ангилдаг. Бадмын язгуурын эмэгтэй ерөнхийдөө төгс эмэгтэйг хэлнэ. Эрчүүдийг ч мөн адил амьтдын нэрээр ангилан ялгадаг. Туулай язгуурын эр гэж буй. Энэ нь сайн эрийн шинж. Алив бүх асуудлыг ухаанаар шийддэг, эхнэртээ үнэнч, хоолонд шуналгүй, биеийн овор хэмжээ тааруу гэх мэт. Бухын язгуурт буюу дорд эрийн тухайд бие бялдрын хөгжил сайтай, булчинлаг, хар бор ажилд сайн, аливааг муйхраар нударгаар шийдэх гэж хүчилдэг, ан ав, дайн тулаанд хорхойсдог зантай байдаг. Залуус дотоод сэтгэлийн гоо сайхныг харалгүй зөвхөн хоёр биеийнхээ хөөрхөн сайханд нь дурлаад гэрлэчихдэг. Тэгэхээр хүсэл шуналдаа хөтлөгдөж, сохроор хэн нэгэнтэй суучихаж болохгүй.
Сэтгэлийн хөөрлөөр нэр өгөх нь тухайн хүүхдийн хувь заяаг хорлож ч мэднэ
-Танаас олон хүн хүүхдийн нэр залдаг гэж сонссон. Хүүхдэд нэр өгөх ёсны талаар сонирхуулж яриач?
-Миний хувьд энэ талаар нарийн судалсан. Эцэг эх нь дур зоргоороо хүүхдэд нэр өгч болохгүй. Ялангуяа аав нь өөрөө нэр өгнө гэдэг. Сэтгэлийн хөөрлөөр нэр өгөх нь тухайн хүүхдийн хувь заяаг хорлож ч мэднэ. Хүүхэд аав, ээждээ үр нь болж заяахдаа их буян заяаг харгалзан ирдэг. Тэр хүүхдийн төрсөн өдөр, цаг, нар, сарны тохиол гээд бүхий л нарийн зүйлсийг харгалзан үзэж, судалж байж нэр хайрладаг. Хүүхдийн төөрөг үзэх бүхэл бүтэн том зурхай бий. Тэр хүүхдийн зурхайгаар шинжиж үзэхэд нас ахар байж болно. Тэгвэл тэр хүүхдэд урт наслахын бэлгэдэлтэй нэр өгнө. Охор настай бие сул хүүхдэд түр зуур домын чанартай нэр өгч болдог. Цэрэн-Очир, Цэрэнбат ч гэх юм уу. Цэрэн нь урт насыг бэлгэддэг. Буян хишиг дорой охин хүүхэд байлаа гэхэд Норжинлхам хэмээн нэрлэж болно. Эд дэлгэрүүлэгч охин тэнгэр гэсэн үг.
Хорлоо, Ичинхорлоо, Норов гэсэн бурхдын эдлэл хэрэглэлүүдийн нэртэй хүмүүс байна. Бурхны эдлэл хэрэглэл болоод бурхдын нэрийг хүүхдэд өгч болдог. Н.Жанцанноров хэмээх хөгжмийн зохиолч байна. Нэрнээс нь харахад муу явахааргүй бэлгэдэлтэй. Жанцанноров гэдэг нь ялан дийлдэхийн бэлгэдэл, эрдэнэ, туг гэсэн утгатай үг. Чойном гэдэг нь ном нугууд, Чойжамц хамба багшийн нэр Номын далай. Г. Пүрэвбат багшийн нэр муу зүйлийг бутарган устгах хүчин чадлыг бэлгэдсэн, Очирбат ч мөн адил, Дагвадорж Үл ялан дийлдэх гэсэн утгатай гээд олон жишээ дурдаж болно. Монгол эрчүүдийн нэрэнд Очир, Бат, Базартай байвал сайн. Энгийн ямар нэгэн асуудалгүй төрсөн хүүхдэд өгч болохгүй хэдэн нэрс бий. Уул, ус, ургамал, амьтан, газар, чулуу, од, гараг, нар, сар, хаад, хатдын нэр өгч болдоггүй. Манайхан эртнээс сайн өдөр номтой багшид хадаг, сүү барьж нэр авдаг ёс заншилтай байсан. Модон хохимой, тэрсүүд өдөр хүүхдэдээ нэр өгч болохгүй. Хүүхдийн нэрэнд их ач холбогдол өгөх хэрэгтэй. Тиймээс нэр судлаач, эсвэл том лам багшаас нэр залж авбал сайн.
Хүүхдийн нэрийг будаанд хийгээд шигших бол бүдүүлэг ёс
-Хүүхдийн нэр хоёр үетэй байвал сайн гэдэг нь ямар учиртай юм бол?
-Нэр заавал хоёр үетэй байх хэрэгтэй. Нэг үетэй бол нас, ажил үйлс ахар байна гэж үздэг. Гадаад паспорт дээр бичихэд амар, гадаадаар дуудахад гоё гээд хүүхдүүдээ Шүр, Сувд гэх зэргээр нэрлэдэг хүмүүс байдаг. Бүхэл бүтэн хүний хувь тавилан яригдаж байхад тэр гадаад паспорт тийм чухал уу. Юм болгон хосоороо арга билгээрээ оршин тогтнодог. Арга билиг, нар сар, буян нүгэл. Тэгэхээр нэрийг арга билгээр нь хосоор өгдөг. Охин хүүхдэд Норжинлхам, Оюунгоо, Намуун-Очир гэж нэрлэж болно. Охин хүүхдэд Очиртой нэр өгч болдог. Хүчирхэг байхын бэлгэдэл юм. Төгс төгөлдөр эмэгтэй байхын бэлгэдэл болгож Бадам нэр өгч бас болно. Сүрэн гэдэг нэртэй хүн муу явдаггүй, “Сахиус” гэсэн утгатай үг.
Сэтгэл хөөрлөөр хүүхдэд яагаад ч нэр өгч болохгүй. Үүрээр төрсөн хүүхдээ Үүрийнцолмон гээд нэрлэчихдэг. Гэтэл энэ нь онцгүй нэр. Од гарагийн нэртэй хүүхэд гарагийн өвчин тусаад байдаг. Мөнх нэр өгвөл насны их аюултай. Нас доройтдог. Жаргал нэр өгөхөөр буян заяа нь доройтно гэж үздэг. Хүмүүс Мөнх, Жаргал гээд гоё утгаар нь бодоод өгчихдөг. Зул жаргана гэж монголчууд ярьдаг. Тэгэхээр дуусч барагдах гэсэн давхар утга агуулж байгаа биз. Хоёр үзүүрт үг олон байдаг. Төгс гэдэг нь бас дуусах барагдах гэсэн утга агуулдаг. Бурхнаас өөр төгс зүйл гэж үгүй тэр утгаараа хүүхдэд хүнддэх эсвэл төгсөх дуусах гэдэг утгаараа бэлгэдэлгүй гэж үздэг. Манайд амьтан, уул, ус, ургамлын нэртэй хүмүүс их байдаг. Архангай нутгийн хүмүүс охин хүүхдүүдэдээ ихэнхдээ Булгантамир гэх зэрэг нэр өгдөг. Булган уулаа бодоод л өгдөг байх. Хүн уулнаас үнэ цэнэтэй. Болж өгвөл оюунлаг, бурханлаг, ном зохилдсон нэр хүүхдэдээ өгвөл сайн. Нэрнээс хүний хувь тавилан бас хамаарна. Нэг зүйл анхааруулж хэлэхэд хүүхдийн нэрийг будаанд хийгээд шигших бол Хятад ёс. Аз, эзний сохор их бүдүүлэг ёс юм. Хүний нэрийг ингэж сонгоно гэдэг үнэхээр эмгэнэлтэй. Нэр өгөх ёстой холбоотой нарийн нандин зүйл их байдаг учир ач холбогдол өгч, судалж байж хүүхдэдээ нэр хайрлаарай.