БСШУЯ-ны хамгийн сүүлд мэдээлснээр улсын хэмжээнд 68 сургууль, 18 цэцэрлэг ажил хаяад байна. Багш нарын ажил хаялт, тэмцэл өнөөдөр ч Сүхбаатарын талбай дээр үргэлжилж байгаа ба үүнтэй холбоотойгоор БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан товч мэдэгдэл хийснийг хүргэе.
Тэрээр “Бяцхан хүүхдүүдийнхээ эрх ашгийг хохироох замыг сонгохгүйгээр ширээний ард зөвшилцөлд сууж, асуудлаа ул суурьтай судалгаатай, цогцоор нь ярьж шийдвэрлүүлэхийн төлөө” ажиллаж байгааг дуулгаад, “Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй л нийгмийн сүлжээгээр дайруулж, доромжлуулж байгаа ч өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсээр ирсэн, цаашид ч ухрахгүй хийх болноо” гэдгээ шийдэмгий хэллээ. Эцэст нь “Миний бие дангаараа цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргах боломжгүй гэдгийг олон иргэд ойлгож байгаа гэдэгт итгэж байна” хэмээн үгээ төгсгөсөн байна.