Өнгөрсөн оны сүүлийн хоёр сарын хугацаанд иргэдийн хувьд хамгийн ихээр автомашины зээл авчээ. Энэ нь нийт зээлийн багцын 3 хувийг эзэлсэн байна. Цалин, тэтгэвэрийн зээл нийт зээлийн багцын 26 хувийг эзэлж буй нь хэрэглээний зээлийн өсөлт хэт өндөр байгааг харуулж байгаа юм. Хэрэглээний зээлийн хэт өндөр өсөлт нь эргээд өрхийн санхүүд дарамт учруулах бөгөөд ирээдүйд учирч болзошгүй макро эдийн засагт өртөх эмзэг байдлыг бий болгодог байна.
Иргэдийн хувьд хамгийн ихээр автомашины зээл авчээ. Энэ нь нийт зээлийн багцын 3 хувийг эзэлсэн байна
Иймд Монголбанкнаас иргэдийн хэрэглээний зээл авах хугацааг 30 сараар хязгаарлах журам баталж өнгөрсөн сарын 1-ээс хэрэгжүүлж хэлсэн. Тус журмаар хугацаанаас гадна зээлдэгчийн орлоготой харьцуулсан зээлийн төлбөрийн хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоожээ.
Тодруулбал, хэрэглээний зээл олгохдоо банкууд зээлийн төлбөрийг зээлдэгчийн сарын орлогын 70 хувиас хэтрүүлэхгүй байх үүргийг журмын дагуу хүлээжээ. Тэгэхээр зээлдэгчийн халаасанд сарын орлогынх нь 30 хувь үлдэнэ гэсэн үг. Гэтэл иргэдийн хувьд урт хугацааны зээл авснаар төлөх төлбөр багасна гэж үзэж байгаа юм. Үүнийг зохицуулах үүднээс хэрэглээний зээлийн хугацаа 96 сар хүртэл сунаж, сарын орлогыг нь 100 хувь төлбөрт хураах тохиолдол гарах болсон учраас ийм хязгаарлалт хийсэн аж.
Зээлийн нөхцөл уян хатан болох тусам хэрэглээний зээлийн хэмжээ огцом өсөж, нийт зээлийн 57 хувийг эзлэх болсон байна. Тодруулбал, сүүлийн жилүүдэд хэрэглээний зээлийн хэмжээ тус бүр 40-50 хувиар өсжээ. Энэ төрлийн зээлийн хэмжээ цаашид өссөөр байвал санхүүгийн тогтвортой байдал алдагдах нөхцөл болно гэж Монголбанкныхан болгоомжилж буй.
Хэрэглээнийхэд хязгаар тавьснаар хэмжээ нь буурч, аж ахуйн нэгжид олгох зээл өсөн, бодит эдийн засагт үр дүнгээ өгнө гэж тэд төсөөлж буй юм. Уг журмыг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүг буулгаж, зээл олгох нөхцөлийн хувьд уян хатан хандах бөгөөд бизнесийн зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн баримжаа гаргажээ. Одоогоор банкууд нийт 19 их наяд төгрөгийн зээл олгоод байгаа билээ.