Техник технологийн дэвшил хөгжил биднийг зөвхөн орчин үетэй хөл нийлүүлж, амьдрах арга барилыг хялбарчлах үүрэгтэй биш. Бид шинэ нээлт, хөгжлийг ашиглан байгаль орчноо ч мөн хамгаалж болно гэдгийг эрдэмтэд хэлж байна. Тэр дундаа мөхөж буй цөлжсөн ертөнцийг ногоон байгууламж болгон сэргээж чадвал дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх чухал алхам.
Сахарын цөлд нарны болон салхины эрчим хүч ялгаруулах фермүүдийг асар их хэмжээгээр байгуулбал баянбүрд байгуулах боломжтой гэж “Шинжлэх Ухаан” сэтгүүлд нийтэлсэн байна. Цөл талд салхин ферм, нарны зай хураагуур хавтангуудыг байрлуулахад эргэн тойронд нь дулаахан бас чийглэг болж эхэлжээ. 4,500 жилийн дараа анх удаа Сахарт баянбүрд үүсэх боломжтой болсон байна. Асар их хэмжээний салхин болон нарны сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар байгаль орчинд ээлтэй төдийгүй эдийн засгийг хөгжүүлэх, цаашлаад ундны усыг цэвэршүүлж хотуудын хэрэгцээг хангах, газар тариаланг дэлгэрүүлэх боломжтой гэжээ. Ингэхийн тулд эрчим хүч үйлдвэрлэгч хавтан, фермүүдийг илүү өргөн хүрээтэй, уудам газар нутагт байршуулах хэрэгтэй юм байна.
Нарийвчилсан судалгаагаар хүрээлэн буй орчны агаарын температур цельсийн 2 хэмээр нэмэгдэж, хур тунадасны хэмжээ хоёр дахин ихэснэ. Ингэснээр ногоон байгууламж элбэгшиж хөрсний гадарга өөрчлөгдөнө гэжээ. Хэдийгээр цөл талд хүн ам сийрэг оршин суудаг ч тэдний өв соёл хадгалагдан үлдсэн байдаг тул дээрх төслийг хэрэгжүүлэхэд багагүй бэрхшээл тулгарна гэж судалгаа хийсэн эрдэмтэд үзэж байна.
Эх сурвалж: www.qz.com