Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №456 The Beatles, ‘Penny Lane’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №456 The Beatles, ‘Penny Lane’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№456 The Beatles, ‘Penny Lane’

Домогт Битлз

"The Beatles" хамтлаг

Өнөөдөр өөрийн хамгийн хайртай хамтлагийнхаа, дуртай дууныхаа талаар бичихдээ өөрийн эрхгүй догдлон байна. Домог гэж хэнийг хэлэх вэ? Хэдэн зуун жилийн өмнөөс амнаас ам дамжин яригдаж хүн бүрийн сэтгэлд үлдэж хоногшсон зүйлийг бид домог гэж ярьдаг. Ингэж , тэдний уран бүтээлийн талаар товчхон дурсъя. Энэ агуу хамтлагийн талаар бичихэд нэг мэдээ битгий хэл, нэг бүтэн ном ч багадах билээ. Манай сайтын "Бүх цаг үеийн шилдэг 500" цувралд тэдний маш олон дуу багтаж байгаа. Мөн "Дэлхийн шилдэг тоглолт" цувралаар магадгүй олон удаа орох “The Beatles” хамтлагийн талаарх мэдээллийг тухай бүрд нь хэсэгчлэн хүргэх юм.

Хамтлагийн хамгийн анхны нэр нь “The Quarrymen" байв. Үүний дараа тэд хэд хэдэн удаа нэрээ сольсон. "Long John and Silver Beatles" гэж байснаа бага зэрэг товчилж "The Silver Beatles", сvvлдээ "The Beatles" болжээ. Түүхэнд үлдэх энэ нэрийг Жон Леннон, Льюиса Кэроллын "Алиса vлгэрийн оронд" гэдэг багынхаа дуртай номоос санаа авч өгсөн хэмээн яригддаг. "Beat­les" гэдэг үг нь англиар "Beat"-цохилт, "Beetles"-цохнууд гэсэн хоёр vгийн товчлол аж. Нэрэндээ “цохнууд” гэдэг үгийг оруулах болсон нь хамтлагийн гитарчин Жорж Харрисон болон Полл Маккартни нарын гитараа тоглох байдлаас болсон хэрэг. Солгой гартай Полл Маккартни баруун гар талдаа, зөв гартай Жорж Харрисон зүүн гар талдаа зэрэгцэж зогсоод хөгжим тоглоход гитарнуудых нь хоёр гар цохын эвэр шиг хоёр тийшээ сэрвийж харагддаг байсан тул ийн нэрлэсэн гэдэг.

Хэдийгээр 1957 онд хамтлагийн үндэс суурь тавигдсан ч 1960 онд дуучин, гитарчин Жон Леннон, гитарчин Пол Маккартни, гоцлол гитарчин Жорж Харрисон, басс гитарчин Стюарт Сатклифф, бөмбөрчин Пит Бест нарын бүрэлдэхүүнтэй албан ёсны хамтлаг байгуулагдаж байсан. Гэвч Ливерпүүл хотдоо алдаршаад төд удаагүй байх үед буюу 1961 онд хамтлагийн гишүүн Стюарт Сатклифф, Пит Бест нар бүрэлдэхүүнээс гарч бөмбөрчнөөр Ринго Старр нэмэгдэж, Стюарт Сатклиффийг Пол Маккартни орлон тоглох болжээ. "Битлз" хамтлаг таран тартлаа энэ гишүүнээрээ явсан билээ.

Дээд байтугай анхан шатны боловсрол ч байхгүй. Хөгжим болоод урлагийн талаар “А” үсгийн ч мэдлэггүй хөвгүүд цэвэр мэдрэмж, авьяасаараа гитар сурч, дуу зохиож эхэлжээ. Энэ vед тэдэнд дуурайгаад сургуулилчих юу ч байгаагүй гэдэг.

“The Beatles” хамтлаг дэлхий дээр хамгийн олон цомог борлуулсан хамтлаг 

"The Beatles" хамтлагийн цомгууд

Их Британд тэдний гаргасан 40 гаруй сингл, альбом шилдгийн шилдэг жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Энэ амжилт нь Их Британаар зогсохгүй дэлхийн хэд хэдэн оронд давтагдсан юм. 1985 тэдний хөгжмийн компани EMI Битлз хамтлагийг дэлхий даяар нэг тэрбумаас хол давсан цомог борлуулсан гэж тогтоосон байна. 2004 онд Роулинг Стоун сэтгүүл тэднийг "Бүх Цаг Үеийн Шилдэг 100 Хамтлаг" жагсаалтандаа нэгдүгээр байранд жагсаажээ. 

Penny Lane

"The Beatles" хамтлагийн 1967 оны "Strawberry Fields Forever" цомгийн сингл Penny Lane дууг Пол Маккартни болон Жон Леннон нар зохиожээ. Энэ дууны нэр нь тэдний хамтлагаа байгуулсан Английн Ливерпүүл хотын гудамжны нэр юм. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл