2019 онд спортын салбарт болох томоохон үйл явдлын нэг нь яах аргагүй МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль юм. МҮОХ-ны одоогийн Ерөнхийлөгч Д.Загдсүрэн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ оны өмнө гаргасан. Монгол Улсын хуулийн дагуу 2018 оны арваннэгдүгээр сард Д.Загдсүрэн нь тэтгэвэр тогтоолгох эрх нээгдэж байгаа юм. МҮОХ-ны дүрмийн 16.6, 14.2-р заалтыг үндэслэн МҮОХ-ны ээлжит бус Олимпийн чуулганыг 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулж, энэ үеэр сонгуульт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан билээ.
Уг хүсэлтийг тун удахгүй болон гишүүдийн хурлаар хэлэлцэх бөгөөд үүнээс өмнө нь спортын холбоодын ерөнхийлөгч, ЕНБД нарыг МҮОХ-ны дүрмийн талаар санал солилцох уулзалт хийхээр болжээ.
Уулзалт хэлэлцүүлэг ирэх лхагва гарагийн 18:00 цагт эхлэх бөгөөд тухайн үед хаана болохыг зарлах гэнэ. Уг уулзалтанд Монголын биатлоны холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монголын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч Ц.Гантулга, Монголын жүдогийн холбооны ЕНБД М.Бөхбат нар оролцох юм байна.
Д.Загдсүрэнгийн оронд Ерөнхийлөгчийн суудалд Монголын Бадминтоны холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Монголын даамын холбооны хүндэт Ерөнхийлөгч Ч.Бат-Эрдэнэ, Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монголын хөнгөн атлетикийн хажиолбооны Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, Монголын буудлагын холбооны Ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга агсан Ж.Отгонцагаан нар нэр дэвшсэн гэх яриа байгаа юм.