Манай сайт "Спортын Домгууд" ээлжит булангаараа дөнгөж өнөөдөрхөн их спортоосоо зодог тайлж буйгаа зарласан Японы мэргэжлийн сумогийн их аварга Кисэносато Ютакагийн тухай өгүүлж байна.
Тэрээр 2002 оноос мэргэжлийн сумо бөхөөр барилдаж эхэлсэн бөгөөд 2004 онд дээд зиндаанд дэвшихдээ ердөө 18 настай байсан юм. 2012 оны 1 сард Озеки цол хүртэн 5 жил буюу 31 башё Озеки цолтой хамгийн удаан барилдаж байж Их аварга болсон гэдэг шинэ түүх бүтээгч боллоо. Тэрээр хамгийн анх 2017 оны 1 сард 14 даван дээд зиндаанд түрүүллээ. Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнээ 19 жилийн дараа япон сумоч Ёкозүна цолтон болж байгаа гэдгээрээ онцгой үйл явдал болж байсан юм. Япон бөхчүүдээс Их аварга Ваканохана 1998 онд Ёкозүна цол хүртэж байв. Мөн түүнчлэн Макүүчи зиндаанд 73 башёг үдсэн Кисэносато 1926 оноос хойшхи сумогийн түүхэнд хамгийн урт хугацааны дараа дээд цолд хүрсэн бөх болж байсан юм. Их аварга Таканохана 2003 онд зодог тайлснаас хойш япончууд сумогийн дэвжээнд үндэсний аваргагүй явж ирсэн байлаа. Кисэносато дээд зиндаанд хоёр удаа, Макушта зиндаанд 1 удаа түрүүлж байсан юм.
Түүний үндсэн мэх нь ёрикири мэх байсан ба карьерийнхээ түүхэнд 328 удаа энэ мэхээрээ өрсөлдөгчөө ялж байсан байна. Манай Асашорюү их аваргатай 17 удаа учраа тааран барилдахад Их аварга Асашорюү 13 удаад нь түүнийг өвдөг шороодуулж байлаа.
Кисэносато их аварга болсон 2017 оны 1 дүгээр сарын бүх барилдаануудын түүвэр бичлэг.