УИХ-ын цахим бодлогын түр хорооноос санаачлан зохион байгуулж буй “Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дараах судалгааны баримтыг дэлгэлээ.
1. Хүүхдүүдийн 85 хувь интернэт хэрэглээг бие даан эсвэл найз нөхдөөсөө сурдаг.
2. Гар утасны дугаарын 35 хувь нь хүүхдийн нэр дээр бүртгэлгүй байна.
3. Судалгаанд оролцсон нийт хүүхдийн 92 хувь нь интернэт хэрэглэж байна.
4. Ухаалаг утастай хүүхдүүдийн 95 хувь нь интернет хэрэглэдэг, мөн тэдний 92 хувь нь фэйсбүүк хаягтай гэж хариулжээ.
5. Таван хүүхэд тутмын нэг нь танихгүй найзын хүсэлтийг хүлээн авдаг.
6. 10 хүүхдийн 8 нь цахим ертөнцөөс зүй бус агуулгатай мэдээлэл хүлээн авдаг.
7. Сурагчдын 32.5 хувь нь 1-2 цаг, 33 хувь нь 2-оос дээш цаг зарцуулдаг гэж хариулжээ.
8. Интернэт хэрэглэгдэггүй гэсэн хариултын дийлэнх буюу 76 хувь нь орон нутгийн сурагчид бөгөөд үүнд 11-12 насныхан зонхилж байв.
9. Фэйсбүүк, инстаграмм хэрэглэгчийн насны доод хязгаар нь 13 буюу түүнээс дээш байдаг. Гэтэл судалгаанд хамрагдсан 11-12 насныхны 70 гаруй хувь нь фейсбүүк, 6 хувь нь инстаграммыг хамгийн түгээмэл ашигладаг гэж хариулсан нь тэд дээрх нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ насаа нэмж бүртгүүлдэг ажээ.
Дээрх судалгаанаас харахад хүүхдэд учирч болох нийгмийн сүлжээнд агуулгын эрсдэл, харилцааны эрсдэл, үйлдлийн эрсдэл гарч байна. Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдээ цахим орчинд гутаан доромжлуулах, ялгаварлан гадуурхалд өртөх, цахим дарамт, хүчирхийлэлд өртөх, цахим орчны зохисгүй хэрэглээ зэрэгт хяналт тавьж, анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг онцлон анхааруулж байна.