Улстөрчид буюу цагаан захтнуудын олон тооны хэрэг энэ жил шүүхээр шийдэгдэхээр хүлээгдэж байна. Заримынх нь хэрэг олон он дамжин шалгагдаж байгаа, нөгөө зарим нь олон улсын хэмжээнд шалгах шаардлагатай тул дахин хэдэн оныг элээхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Шүүх ажиллагаа зэрэг зэрэг товлогдон, хурдассаныг зарим нь сонгууль ойртсонтой холбоотой гэж тайлбарладаг. Ямартаа ч та бүхэнд шүүх хурлын тов нь гарсан улстөрчдийн хэргийн товчооныг хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нь нэг намын нөхөр Б.Гарамгайбаатарын хамаарал бүхий “Монроуд” компанид Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замыг барих тендерийг эрх мэдлээ хэтрүүлэн өгсөн хэрэгт буруутгагдсан. “Хөгжлийн банк”-ны санхүүжүүлсэн энэхүү төсөлтэй холбоотой шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд энэ сарын 25-нд товлогдоод байна.
Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарыг яллагдагчаар татан, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд энэ сарын 18-нд буюу баасан гаригт шүүхээр товлоод байна.
Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн. Харин А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэж үзэх үндэслэл бий юм билээ. Учир нь АТГ-аас “Бэрэн” группийн санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон юм.
“Залуу Монгол” группийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан М.Сономпилтэй холбоотой авлига, албан тушаалаа хэтрүүлсэн гэх хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд энэ сарын 23-нд болно. Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн асан тэрээр Дарханы дулааны цахилгаан станцын үнс хадгалах сангийн тендерт “Хотгор зам” ХХК-ийг ялуулж, 264 сая төгрөгийн авлигыг “Залуу Монгол” ХХК-ийн дансаар авсан нь тогтоогдсон юм.
Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, “Жаст” группийн Ерөнхийлөгч Ш.Батхүү, тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нартай холбоотой “Стандарт” банкны 160 сая ам.долларын хэрэг энэ долоо хоногт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд ирсэн сурагтай. Шүүгч хэргийн материалтай танилцан, ирэх долоо хоногт шүүх хурлын товыг зарлан гэсэн мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн асан, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг АТГ-аас баривчлан шалгасан. Түүнийг одоогоор гадуур байцааж байгаа бөгөөд тун удахгүй хэргийг нь прокуророос шүүхэд шилжүүлнэ гэсэн мэдээ байна.
Г.Нямдаваа нь Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, өөрийн өмчлөлийн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэргүй аж ахуйн нэгжид хууль бус давуу байдал олгож, эрх бүхий байгууллагын баталсан зураг төсөвгүй, эдийн засгийн тооцоолол, судалгаагүй байхад хийн хоолойн ажлыг шууд гэрээгээр олгосны улмаас тус компани нь ашиглах боломжгүй хуванцар хоолойг газарт суурилуулж улсын төсөвт 1 тэрбум 950 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдоод байгаа юм.
Зарим эх сурвалжаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг энэ хэрэгт яллагдагчаар татаж магадгүй гэсэн байгаа.