Эрх баригч МАН доторх тулаан хоёр сар үргэлжлээд төгсгөл рүүгээ дөхөж байна. Ирэх долоо хоногийн чуулганаар эрх мэдлийн төлөөх тулаанд нэг нь ялагч болж, хонь бүтэн, гэдэс цатгалан болно. Шударга ёсыг тогтоох, 60 тэрбумыг унагах гэсэн ариун лоозонгууд бол зөвхөн шалтаг бөгөөд үндсэн шалтгаан нь хэн эрх мэдэлтэй болох вэ гэсэн жүжиг, тоглоом төдий юм.
Баасан гаригийн шөнө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр УИХ-ын даргаас Л.Оюун-Эрдэнэ гишүүн хүлцэл өчиж, Л.Болд, Ж.Мөнхбат нар нэг нэгнээсээ уучлал гуйсан талаар бүгд ярьж байна. Хэдхэн хоногийн өмнө тасар тасдахад бэлэн байсан Л.Оюун-Эрдэнэ яагаад уучлал гуйв? Яагаад "түүхэн хүн" гэдгийг нь сануулав?
Л.Оюун-Эрдэнэ гишүүн өчигдөр энэ талаараа "УИХ-ын даргын өрөөнд ороод М.Энхболд даргыг чирж гулдарсан үйлдэл гаргасны төлөө уучлал эрсэн" хэмээн тайлбар өгсөн байна лээ. Өнгөрсөн пүрэв гаригийн жагсаалын дундуур Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй есөн жагсагч УИХ-ын даргын өрөөнд орсон боловч, УИХ-ын даргыг чирж гулдарсан ямар нэгэн үйлдэл гараагүй билээ. Тэгэхээр энэ бол жинхэнэ тайлбар биш юм.
УИХ-ын даргаас уучлал гуйсныг нь зарим журмын нөхөд нь, ялангуяа "ЭЗЭН" зэмлэсэн гэсэн мэдээлэл байна. Ингэснээр "Анхнаасаа хоёр тал болж "жүжиглэж" байсан гэдэг ойлголт төрүүллээ" хэмээн хөөрхий Л.Оюун-Эрдэнэ гишүүн ихэд зэмлэл хүртсэн сурагтай.
Сүүлийн хоёр сард Л.Оюун-Эрдэнийн баруун мөрөн дээрх БУРХАН-аас, зүүн мөрөн дээрх ЧӨТГӨР нь дийлсэн өдрүүд байсан гэлтэй.
Л.Оюун-Эрдэнэ бол хувь хүний хувьд төлөв даруу, боловсролтой, мэдрэмжтэй, ёс суртахуунтай, аядуу зөөлөн, эрэмгий хүн билээ. Түүний энэхүү БУРХАН-лиг зан хүмүүст таалагддаг.
Гэтэл ертөнцийн эзний хүү байсан аядуу зөөлөн Л.Оюун-Эрдэнэ, улстөрч "ЭЗЭН"-ий хатуу заавраар хувьсгалч болж гэнэтхэн хувирсан нь гайхалтай. Даравч далдайна гэдэг үг бий. Тав дахийн шөнө уучлал эрсэн Л.Оюун-Эрдэнэ бол түүний мөн чанар юм. Тэр ийм л аядуу зөөлөн хүн билээ.
Харин маргааш нь буюу бямба гаригт эргэж сүгсэлздэг Л.Оюун-Эрдэнэ бол хуурамч нь буюу "ЭЗЭН"-ий заавраар хөдөлж буй долдой юм. Түүний гаргаж буй хоёр занг ингэж ойлгох хэрэгтэй.
Тэрнээс биш Л.Оюун-Эрдэнийн баруун мөрөн дээр сууж буй БУРХАН нь түүнийг үргэлж залуурдаж ирсэн, жинхэнэ Л.Оюун-Эрдэнэ бол олны хүндлэл хүлээсэн хүн юм шүү дээ.