Монгол бөхийн өргөө, МҮБХ-ны тэргүүн хэн байх вэ гэсэн маргааныг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ”Монгол бөхийн өргөө”-г төрийн өмчлөлд шилжүүлэх асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлснээр дээд цэгт нь аваачлаа. Албан бичгийн утгыг хангаснаар энэхүү маргаанд эцсийн цэгийг хатгаж магадгүй юм. Хатгаж магадгүй гэсэн учир нь өмчөө булаалгасан Бөхийн өргөөний “жинхэнэ эзэн” нь шүүхэд хандах тул энэхүү маргаан нэг хэсэгтээ үргэлжлэх болов уу. Монгол бөхийн өргөөний жинхэнэ эзэн нь хэн бэ гэдгийг одоогоор олон түмэн мэдэхгүй байгаа.
МҮБХ-ны нэр дээр байхгүй байхыг бодоход Р.Нямдорж, Д.Данзан нарын халаасанд орсон байж магадгүй хэмээн харддаг. Хардлага ч үндэслэлтэй. Гэтэл МҮБХ-ны тэргүүнийг хэн авах вэ гэдэг хэрүүл тэмцлийн цаана Бөхийн өргөөг хэн авах вэ гэдэг марафон явагдаж байгааг ард түмэн мэдэхийн цаагуур мэдэж, харж байгаа.
Нийт 1 тэрбум 120 сая төгрөгөөр босох байсан Монгол бөхийн өргөөнд Монгол улсын Засгийн газраас 800 сая төгрөгийг гаргаж өгсөн тул Монгол улсын Ерөнхийлөгч “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд үүнийг авч үзвэл нийт зардлын дийлэнх хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн байгуулсан Монгол бөхийн өргөөний гол өмчлөгч нь төр байхаар байна” хэмээн үзсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед шаардлагатай байсан мөнгөний 80 илүү хувийг төр гаргаж, үлдсэн 320 сая төгрөгийг зургаан жилийн хугацаанд 287 байгууллага, 526 иргэн хандивлажээ. Санаачилга нь Р.Нямдорж нарынх ч бүтээн байгуулалтын бүхий л зардлыг монголын ард түмэн гаргасан нь Ерөнхийлөгчийн кабинетийнхнийг ийн зоримог шийдвэр гаргахад хүргэсэн байна.
Түүхийн баримтыг эргэн сануулахад хандивын ажил 1992 онд эхэлсэн ба 1992 онд 95 хvн, 59 байгууллагаас 2.989.310 төгрөгийн, 1993 онд 143 хvн 143 байгууллагаас 6.292.228 төгрөгийн, 1994 онд 124 хvн 49 байгууллагаас 7.653.951 төгрөгийн, 1995 онд 140 хvн, 17 байгууллагаас 8.338.208 төгрөгийн хандив цуглуулж, Монгол бөхийн өргөөний барилгын санхvvжилтэнд нэмэр болгожээ. Хандивт 1992-1998 оны хоорондох зургаан жилд нийтдээ 287 байгууллага, 526 иргэн хамрагдаж, 1998 оны 12 дугаар сарын 26-нд Монгол бөхийн өргөө маань ашиглалтад орж байсан түүхтэй.
Ирэх долоо хоногт хуралдах Засгийн газрын хуралдаанаар “Монгол бөхийн өргөө”-г Төрийн өмч байх шийдвэр гаргах өндөр магадлалтай болчихлоо. Хариуд нь шүдээ хүртэл зэвсэглэсэн хуульчдын багтай Р.Нямдорж нар засгийн эсрэг шүүхдэх нь дамжиггүй. Хэрүүл маргаан даамжрахын хэрээр Р.Нямдорж, Д.Данзан болон олон хүний үнэн нүүр царай илчлэгдэнэ. “Гарьд магнай” кинонд өгүүлдэгчлэн бөх сонирхогчид нь “үзэх юмтай, хариад ярих юмтай” болох биз.
Д.Төв