Өчигдөр АТГ-аас УЕП асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар нарын гэр мөн ажлын байранд нь үзлэг, нэгжлэг хийжээ. Түүнийг “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд албан тушаал, эрх мэдлээрээ сүрдүүлэн дарамталж дүүгийнхээ дансаар дөрвөн сая ам.доллар өөрөөс нь авсан хэмээн мэдээлсэн.
Т.Ганболд “УЕП байсан Д.Дорлигжав дөрвөн сая ам.доллар надаас нэхсэн. Дээрх мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн дүү болох Д.Баатарын данс руу шилжүүлмэгц намайг сулласан” гэх ноцтой мэдээллийг дэлгэж байв. Энэхүү мэдээллийн дараа АТГ-аас Д.Дорлигжавыг бусдыг дарамтлан мөнгө авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Уг мэдээллийг Д.Дорлигжав үгүйсгэж, “Т.Ганболд миний дүүгийн данс руу дээрх мөнгийг санаатайгаар хийсэн. Би түүнийг шалгуулна” гэж байв. Юутай ч эх сурвалж Д.Дорлигжавыг дүүгийнх нь хамтаар шалгаж буйг бататгав.
М.Мөнхтунгалаг