Хүмүүс сахар буюу элсэн чихрийн хор хөнөөлөөс эмээж орлуулагч хэрэглэх нь зүйтэй гэж боддог. Гэтэл тэдний сонголт зөв биш гэдгийг саяхны судалгаагаар баталжээ.
Британийн анагаах ухааны сэтгүүлд нийтэлснээр чихэр орлуулагч нь үйлдвэрлэгч компаниудын сурталчилдаг шиг эрүүл, хүний биед хэрэгцээтэй зүйл биш юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас чихэр орлуулагч хэрэглэдэг ба хэрэглэдэггүй хүмүүсийн дунд биеийн жин, амны эрүүл мэнд, хооллох дуршил, хорт хавдар, зүрх судасны өвчлөл, бөөрний өвчин болоод бусад эрүүл мэндийн асуудлаар судалгаа хийжээ.
Ингэхэд сахар орлуулагч хэрэглэдэг иргэдийн эрүүл мэнд хэрэглэдэггүй иргэдийнхээс илүү сайн, ашиг тустай гэх баталгаа огт байгаагүй аж. Судлаачид шим тэжээлийн шинжилгээ хараахан хийгээгүй тул эцэслэн дүгнэхэд эрт байна гэжээ.
Хамгийн гол нь чихэр орлуулагч нь эрүүл амьдралын хэв маягт тийм ч тохиромжтой хүнс биш, эрүүл мэндэд тустай зүйл үгүй гэдгийг эрдэмтэд хэлсэн байна. Учир нь өдийг хүртэл хэрэглэгчид сахар орлуулагч эрүүл мэндэд тустай хэмээн итгэсээр ирсэн.
Тухайлбал 1983 онд “Sweet ‘n Low” чихэр орлуулагчийн брэнд сурталчилгаагаа хийхдээ хэрэглэгчдийн калорийн хэмжээг бууруулах ашиг тустай хэмээн уриалж байжээ. Жингийн илүүдэл хэдий нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон тул тус компани илүүдэлтэй жинтэй иргэдийн турах хүсэл дээр үндэслэн сурталчилгаагаа хийсэн байсан юм.
Эх сурвалж: www.qz.com