Америкийн хөгжмийн дагнасан суваг болох MTV 1989 оноос дан акустик хөгжим бүхий MTV Unplugged цуврал тоглолтыг дамжуулж эхэлсэн байдаг. Энэхүү тоглолтонд орохыг хүссэн маш олон хамтлаг дуучид бий болохоос гадна уг тоглолтоороо амьд бичлэг бүхий цомог хүртэл гаргах болсон байна. Тухайлбал домогт дуучин, гитарчин Эрик Клаптон 1992 оны Unplugged тоглолтынхоо бичлэгээр цомог хэвлүүлж нийт 26 сая хувь борлуулж чадсан байна. Энэ нь амьд тоглолтын цомог хамгийн олон хувь борлогдсон тохиолдол болж бүртгэгдсэн байдаг. Уг цомогт багтсан "Tears in Heaven" буюу "Диваажин дахь нулимс" дууны акустик хувилбар нь хүмүүст маш гүн сэтгэгдэл төрүүлж цомгийн борлуулалтанд шууд нөлөөлсөн хэмээн хөгжим судлаачид үздэг байна. Уг дууг Эрик Клаптон өөрийн нас барсан хүүд зориулж зохиосон бөгөөд түүний хүү 4 насандаа Нью Иорк дахь байшингийн 53 давхарын цонхоор унаж нас барсан юм. Энэ дуу дэлхийн хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг Америкийн дуу бичлэгийн академийн Греммийн шагналыг гурван удаа авч байсан юм.
Мөн түүнчлэн энэхүү тоглолтонд дуулагдсан "Layla" дууны акустик хувилбар ч хүмүүст маш ихээр таалагдаж мөн л греммийн шагнал хүртэж байлаа. Хамгийн сонирхолтой нь уг дуу 1971 онд Эрик Клаптон болон Жим Гордон нарын "Derek and the Dominos" хамтлагийн цомогт блюз рок хувилбараар анх орж байсан хэдий ч хүмүүсч сайн хүрч чадаагүй байсан юм. Харин үүнээс 20 жилийн дараа акустик хувилбар нь MTV Unplugged тоглолтоор олонд хүрсэн байдаг. Мөн энэ дуу Rolling Stone сэтгүүлээс гаргасан "Бүх цаг үеийн шилдэг 500 дууны жагсаалт"-д акустик хувилбараараа багтсан юм.
Энэхүү тоглолтыг бүрэн эхээр үзэж сонирхоно уу.