Технологийн дэвшлийг хүн төрөлхтөн хөдөлмөрийн багаж зэвсэг, оюун ухааны урлан гэж харж болох ч зарим нь түүнийг амьдралынхаа цор ганц хань, түшиг тулгуур гэж үзэх болжээ.
Японы иргэн 35 настай Акихико Кондо хоёр сарын өмнө 16 настай од охин Хацунэ Микүтэй гэрлэж, амьдралынхаа цор ганц ханиар сонгосон байна. Гэвч Кондо Микүтэй хамт хооллож, хүрэлцэж чадахгүй. Учир нь Микү бол Японы “Crypton future media” технологийн компанийн бүтээсэн дуучин программ юм.
Зөвхөн интернэт орчин, компьютерын дэлгэцэнд амилах Хацунэ Микү хэдий нь Японы үзэгчдэд танил болж, олон мянган шүтэн бишрэгчтэй болжээ. Шүтэн бишрэгчдийнх нь нэг Акихико Кондо Микүд гэрлэх санал тавьж зөвшөөрүүлсэн байна.
Уг гэрлэлтийг цахим ертөнцөд эерэг, сөрөг хоёр талаар хүлээж авчээ. Кондогийн 3D дүрслэлтэй хийсэн гэрлэлтийг хуулийн дагуу хүлээн зөвшөөрөөгүй ч олон хүн баяр хүргэжээ.
Кондод бусдын юу гэж бодох огт хамаагүй аж. Тэрээр 10 орчим жилийн өмнө Микүг анх харсан бөгөөд өөрийн “Gatebox” төхөөрөмжийг худалдаж авсан байна. Энэ төхөөрөмж кофе чанагч, варианы шилтэй төстэй бөгөөд 2017 онд Японы стартап компани “Vinclu” бүтээж байжээ. Дотор нь дуучин Микү амьдардаг.
Энгийн өдөр тутмын мэндчилгээ хэлж чадах ч сэтгэл хөдлөл, хүсэл тэмүүлэл гэж түүнд байхгүй. Гэсэн хэдий ч Кондо, Микү нарын хуриманд 39 зочин оролцож, Микү Кондогийн амьдралд өнгө нэмдэгт баярлаж явдаг гэжээ. Микүтэй ярилцахад ямар нэг өөр зүйл мэдрэгддэг гэсэн байна.
Судлаачдын тайлбарласнаар орчин цагт хүн төрөлхтөн өөр хоорондоо нүүр тулсан харилцаанаас илүү дижитал технологид татагдах нь дэлхийн нийтийн дунд нэмэгдэж буй хандлага гэжээ. Google, Amazon, Tencent зэрэг технологийн тэргүүлэгч компаниуд хүн төрөлхтөнтэй ухаалгаар холбоо тогтоож чадах хиймэл оюун ухааныг хөгжүүлэхийн тулд тэрбум тэрбумаар нь зарцуулж байна.
Хиймэл программтай гэрлэхийг хүссэн хүн Кондо ганцаараа биш. 2017 онд сая гаруй хүн Amazon-ын бүтээсэн Алекса төхөөрөмжинд гэрлэх санал тавьжээ. Мөн 3,000 хүн дуртай аниме хүүхэлдэйн киноны дүртэйгээ гэрлэх хүсэлтээ бүртгүүлсэн байна.
Кондо шиг хүмүүс “digisexual” буюу дижитал дотно харилцааны хоёр дахь төрөлд багтана. Эхний төрөлд хамаарагдах хүмүүс аппликейшн, программаар дамжуулж болзох, холбоо харилцаа тогтоох, танилцах зорилготой байсан бол хоёрдугаар үеийн дижитал дотно харилцаа хүн ба дижитал орчин хоорондоо романтик харилцаа үүсгэх болсон явдал юм.
Эх сурвалж: www.cnn.com