Засгийн газрын 2016-2020 оны зорилтод 65 болон түүнээс дээш насны ахмадуудад баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон. Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө “Насны хишиг”-ийг олгохоор хуулиндаа тусгаж өгсөн билээ. Үүнд:
2019 оны төсөвт "Насны хишиг" олгохоор 22.2 тэрбум төгрөг суулгажээ. Энэ нь өнгөрсөн оноос 1.6 тэрбум төгрөгөөр өссөн дүн/2018 онд 136 мянган ахмадад 20.6 тэрбум төгрөг олгосон/ юм.
Энэ жил 65 нас хүрч "Насны хишиг" авах болсон ахмадууд хороондоо хандаж бүртгүүлэх шаардлагатай бол өмнө нь "Насны хишиг" авч байсан ахмадуудын хувьд дахин бүртгүүлэх шаардлагагүй ажээ.
“Насны хишиг-т шинээр бүртгүүлэх ахмадууд тус хишгийг олгох журмын хавсралтаар баталсан тусгай өргөдөлийн маягтыг харьяа дүүрэг, хорооныхоо нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээс авч бөглөнө.Ингэхдээ заавал иргэний үнэмлэхтэй очино. Хэрэв өөрийн биеэр ирж чадахгүй тохиолдолд итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан өргөдлийн маягт бөглөж, гарын үсэг зурж, он сар өдрийг тэмдэглүүлэх хэрэгтэй байдаг аж. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд өөрийнхөө иргэний үнэмлэх, нэг хувь хуулбарын хамт маягт бөглөж өгснөөр бүртгэл баталгаажих юм.
Хорих ангид ял эдэлж байгаа ахмадуудын хувьд мөнгө нь дансанд байршина. Эдгээр ахмадууд “Насны хишиг”-ээ авахыг хүссэн тохиолдолд гэр бүлийнхээ гишүүн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авах боломжтой.
Шинээр бүртгүүлэгсэд Цагаан сараас өмнө “Насны хишиг” авах хүсэлтээ гаргаснаар баяраар өмнө мөнгө авах бөгөөд үүнээс хойш бүртгүүлсэн иргэд Үндэсний их баяр наадмын өмнө хишгээ хүртэх юм байна.