Шинэ он гарч хувь хүнээс эхлүүлээд албан байгууллагууд хийх ажлаа төлөвлөн, хийж дуусгаагүй ажлаа ирэх ондоо гүйцэтгэхийг зорьдог. Нийслэлийн МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр улаанбаатарчуудыг аз жаргалтай болгоход чиглэж байгаа. Энэ зорилгын төлөө идэвхийлэн ажиллах үүрэг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ноогдож буй.
Гэвч Нийслэлийн МАН дотроо хоёр хуваагдсанаас НИТХ ч хуралддаггүй, Засаг даргаа шинээр батламжилж чадахгүй, УИХ-ын адил гацаанд ороод байна. Учир нь Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн 34 гишүүн хоёр хуваагдсанаас үүдэлтэй. Учир нь Хотын даргад хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлснээс МАН-ын Удирдах зөвлөл Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжсэн юм. Гэтэл НИТХ дахь МАН-ын бүлгийн Ц.Сандуй тэргүүтэй арав гаруй төлөөлөгч энэ шийдвэрийг дэмжихгүй гэдгээ мэдэгджээ. Тэд "С.Амарсайханыг хотын даргаар томилж болно. Гэхдээ манай талаас НИТХ-ын даргыг сонго" хэмээн тулгаж байгаа гэнэ.
Чих тавибал бүлэг дотроо энэ долоо хоногтоо учраа олж чадахгүй. Харин ирэх долоо хоногт НИТХ хуралдаж, шинэ Засаг даргыг батламжилж магадгүй байгаа аж.