Энэ онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нийт есөн удаа, ээлжит бусаар гурван удаа хуралджээ. ИТХ хуралдаж чадахгүй, хэд хэдэн удаа хойшилсон үйл явдал анх удаа энэ жил болсон гэсэн үг.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг батламжлах байсан ч Нийслэлийн ИТХ дахь МАН-ын зарим төлөөлөгч хойш суусны улмаас баасан гаригийн хуралдааныг даваа гаригт болгон хойшлуулсан юм.
Хуралдаж чадахгүй байсан шалтгаан нь Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн 34 гишүүн хоёр хуваагдсанаас үүдэлтэй ажээ. Учир нь хотын даргад хэд хэдэн хүнийг нэр дэвшүүлснээс МАН-ын Удирдах зөвлөл Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханыг дэмжсэн юм. Гэтэл НИТХ дахь МАН-ын бүлгийн арав гаруй төлөөлөгч энэ шийдвэрийг дэмжихгүй гэдгээ мэдэгджээ. Тэд "С.Амарсайханыг хотын даргаар томилж болно. Гэхдээ манай талаас НИТХ-ын даргыг сонго" хэмээн тулгаж байгаа гэнэ.
Тэгвэл өнөөдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаан болох байсан ч НИТХ дахь МАН-ын бүлгээс нэг ч төлөөлөгч ирээгүйн улмаас дахин хойшилж байгааг мэдэгдлээ.
Иймд "Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг дотоод асуудлаа шийдэхээс нааш нийслэлийн ажил, амьдрал зогсонги байдалд орлоо" хэмээн АН-ын бүлгээс шүүмжлэлтэй хандаж байна.