МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч болон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцжээ.
Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлж буй С.Амарсайханыг Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн ч зарим гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг дэвшүүллээ гэх зэргээр шүүмжилсэн байна.
Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дэд сайдаараа ажиллах хүнээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажилладаг Г.Элбэгсайхан гэх залууг томилуулах санал оруулжээ.
Энэ үеэр Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэбат: Энэ залуу манай намын гишүүн мөн үү? Би томилгоо хийхдээ намын гишүүний харьяаллыг харгалздаг байсан. Хууль зүй дотоод хэргийн дэд сайдын албан тушаал нь улс төрийн албан тушаал учраас намын харьяалалтай гишүүн байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Яагаад нам бус хүн оруулж ирж байгаа юм гэж нэлээд шүүмжлэлтэй ханджээ
Харин намын дарга У.Хүрэлсүх: -Нам бус хүн оруулж ирсэн юм уу. Г.Элбэгсайхан чи өнөөдрийн дотор намд элс, дэмжлээ гэжээ.