СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2018-09-13

Д.Ган-Очир: Би алдар, нэр хөөсөн амбицаар хүмүүжээгүй

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

“...Би алдалж хэвтэх тал нутагтайдаа баярладаг

Би адуу гатлах Хэрлэн мөрөнтэйдөө омогшдог

Би эгэл атлаа сэтгэл өндөр толгодтойдоо залбирдаг

Би дэлхийд ганцхан Дорнодын талд төрснөөрөө гайхуулдаг.

Би энд төрсөн юм...”

гэж Дорнод нутгаа бичиж,энэ нутгаар эцгийнхээ нэр адил овоглодог гэдгээ Д.Ган-Очир найрагч бардам өгүүлдэг.“Яруусахуйн зүг”,“Бясалгагч шүүдэр”,“Сэтгэлийн реализм” яруу найргийн  шинэ номоо өнгөрсөн онд өлгийдөж авсан түүний шүлгээр бүтсэн дуунууд урлагийн тайзыг амилуулж, амьдарч яваа нэрд гарсан рок попын олон хамтлаг,дуучид бий.Төрийн соёрхолт Д.Болд, МУГЖ Б.Сарантуяа, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Нисванис”-ын Амгаа, “Никитон”-ы Бачка, “Номинталст”-ын Т.Дэлгэрмөрөн гээд нэрлэвэл шил дарна.Түүний дуунууд одоо ч амьдарсаар...Дууны шүлгийн мастер хэмээн олонд өргөмжлөгдсөн тэрбээр хэнтэй ч уулзсан нэг л зангаар угтаж үддэг. Хамгийн олон дуутай хэрнээ хамар сөхдөггүй найрагчтай хол, ойрын сонин хуваалцахаар утас цохилоо. Хариулт нь мэдээж “Ок. Хүрээд ир!” хэмээн уриалгахан угтах зөвшөөрөл байв. 

-Тантай уулзаж ярилцах амар юм.Товлосон цагтаа ирнэ. Амбиц, карьерыг танаас олж хардаггүйдээ баярладаг шүү?

-Би карьер хөөх сонирхолгүй. Алдар, нэр хөөсөн амбицаар хүмүүжээгүй жирийн нэг найрагч. Гэхдээ хүн болгон над руу ханддаг, харин би “үгүй” гэж ихэрхэн буцааж байгаагүй. Салбар болгоноос надтай хамтран ажиллах санал ирдэг. Тэр болгонд сэтгэлээсээ хандаж ирлээ.

 

-Ажилтай зууралдаад л та зуныг хотод өнгөрөөчихлөө дөө?

-Амарч байна гээд алгуурлах дургүй.  Сэтгэл зүрхнээс ундарсан гуниг, баяраа хүнтэй хуваалцахгүй юм бол шүлэг тэрлэхийн хэрэг юу байна. Гэхдээ цахимаар биш цаасан дээр буулгаж ном болгон баринтаглаж, уншигчдад хүргэдэг. Найрагч хүний хамгийн сайхан зүйл шүлгийн түүвэр байдаг л даа.

-Дөнгөж яриа эхэлж байтал утас чинь дуугараад л. Хүмүүс тантай уулзах гээд тайван суулгадаггүй бололтой. “Номин талст”-ын Д.Батсүхтэй юун тухай ярилцах нь вэ?

-Бид эртний найзууд. Сүүлийн үед дуу хуур гэхээсээ илүү ажил хэргийн талаар яриа өрнүүлж санал бодлоо солилцдог болсон. Д.Батсүх зан чанарын хувьд хүний мөстэй залуу. Нөхөрлөхөд итгэлтэй, амьдралын асуудлаа нуулгүй хуваалцдаг. Бага хүүгээ оршин суудаг дүүргийнхээ цэцэрлэгт оруулж чадахгүй найзаасаа гуйх гээд л. (Инээв) Бид 40 насны босго даваад алхаж явна. Уран бүтээлээс гадна нийгэмд хүсэл тэмүүллээ ажил хэрэг болгож, авьяас, мэргэжил, амьдралын туршлагаа олонтой хуваалцаж явна даа.

 -Номын дэлгүүрт таны хэвлүүлсэн “Эрээнцавын элэг дэлүү хоёр” ном харагдсан. Гэхдээ уншиж амжаагүй ээ?

-Аавынхаа ээжийн гэгээн дурсгалд зориулсан юм. Эмээ маань эх орны дайны жилүүдэд Халх голд Зөвлөлт-Монгол дайчидтайгаа мөр зэрэгцэн тулалдаж явсан цэргийн 22 сувилагчийн нэг. Цэргийн архив ухаж эмээгийнхээ бүх баримт, материалыг шүүж үзээд ном болгон мөнхөлж, ирээдүй хойч үедээ үлдээхийг зорьсон. Би эмээгийнхээ тэжээсэн хүүхэд нь (инээв).

Намайг шүлгийн мөрөө сараачиж байхад баярлаад атга чихрээр шагнаж байсан хүн. Бурхны оронд одтолоо намайг тэтгэж юугаар ч дутаагаагүй буурал.Оюутны байранд байхад Дорнодоос хүний машинд дайгаад уут саванд борц, боорцог хийгээд явуулдаг хамгийн өндөр ачтан, аврал минь байлаа.

Эмээгийнхээ буянд оюутан цагийг өлсөлгүй цатгалан туулсан хүн шүү дээ би. Эмээгийнхээ идэр залуу насаа эх орныхоо төлөө амь хайрлалгүй тэмцсэн баатарлаг үйлсийг нь хүндэтгэдэг. 

Найрагч хүний хамгийн сайхан зүйл шүлгийн түүвэр байдаг л даа

СЕЛЬФИНЫ ЗУРГААР ГАНГАРЧ, ФЭН КЛУБ ЯРЬСАН ТЭНЭГ БАЙМААРГҮЙ БАЙНА -Навчис шарлаад л хааяа нэг гуниг төрүүлдэг улирал ирчихлээ. Таны гоё шүлгүүд намар төрсөн байдаг?

 Дурлана гэдэг бүтээл төрөх том өгөгдөл байдаг. Миний хувьд эх орон, газар шороо, эцэг эх, нутаг ус, өвөг дээдсийн сэдэв рүү алгуур орж байна. “Монголчууд” нэртэй сэтгүүл гаргаад дөрвөн жил боллоо. Сэтгүүл гаргах хугацаанд би өөрөө ч соён гэгээрч байна. Монголын түүх, домог, шастир дотор ханаж цадахгүй жаргал мэдэрч, сэлж өөрийнхөө тархины ховоогоор хутган авч өнөө цагийн залууст хүргэж буй.

-Та хилийн дээс, гадаад хэл гэж чамирхалгүй эгэл амьдралд татагддаг хүн шиг санагддаг?

-Би социализмын үеийн САА-д илгээлтээр очсон залуу хосын үр хүүхэд гэдгээрээ бахархдаг. Малын эмчийн машинд өссөн юм болохоор хөдөөгийн амьдрал сайн мэднэ.  Амьдралын минь нандин сайхан дурсамжууд хөдөө үлдсэн болохоор сэтгэл тэмүүлдэг. Хөдөөгийн ажил, амьдралд ч дуртай. Дорнод миний амьдралын зам харгуй,мөр минь болсон нутаг. Амралтаа аваад нагацынхаа нутаг руу явна. Тэнд шунаж дуусдаггүй цэвдэг сэтгэлтнүүд оччихсон газар шороог нь сэндийлээд,тэр нутгийнхны амар заяаг нь үзүүлэхгүй сэтгэл санааг нь чилээж байна. Тэнд очиж дуу хоолойгоо өргөнө. Зүлэгтэй сайхан нутгийг зүгээр л там болгох гээд байна. Хүн төрсөн нутагтаа хайртай. Өссөн нутгийн шороонд төмөр анжис зоож хэвлийнээс нь баялгийг нь ухаж авах гэж байгаа бол би тэмцэнэ, дуугарна. Газрын гагнаас уул ус, хур бороог татдаг зүйл бол газрын хэвлий дэх алт шүү дээ.

Хөдөө хээр мориныхоо тохомыг дэвсээд эмээлээ дэрлээд унтчихдаг тийм амгалан хөдөөг ирээдүйд өвлүүлэх л чухал. Би үг шидээд л байгаа, удахгүй үйлдэл болгоно. (Степ-Гоулдын тухай яриад байгаа бололтой)  

-Хүний шунал гэж хэцүү юм. Эзнээ ч сэтгэл амар суулгахгүй зовоох юмаа?

-Хүсэл хэрээс хэтрэхээрээ шунал болдог. Шунал ихдэхээр өөрийнхөө боол болгодог. Шуналаасаа болоод хүн юу ч хийхээс буцдаггүй. Өөрийгөө танихааргүй болтлоо өөрчлөгдөж, өдөр бүр сэтгэлээ зовоож амьдарч байгаа хүмүүсийг харахаар өрөвдмөөр байдаг. Үйлийн үр байдаг гэдэгт итгэдэг. Та юу хийнэ, юу үйлдэнэ, юу өгүүлнэ яг түүнийхээ хэрээр үрийг нь хэзээ нэгт заавал амсана. Хүсэл шуналын боол болохгүйн тулд буддын философи уншиж байна. Барууны орнуудад хэвлэгдсэн буддын философийн орчуулгыг хардаг боллоо. Өөрийгөө таних гэж өөртэйгээ тэмцээд муу зуршлуудаа ч хаялаа. Хүн өөрийнхөө дайсан байдаг. Тэгэхээр өөрт буй дайснаасаа өөрөө л салах хэрэгтэй. 

Эх нутгаа хамгаалах цаг нь болсныг олон зүйл сануулж байхад би нэг сельфины зургаар гангарч, фэйсбүүкээр цэцэрхсэн, фэн клуб ярьж, кофе тамшаалж уусан тэнэг баймааргүй байна.

-Хүмүүсийн  үг, үйлдэл араатан шинж рүү дөхөөд байх юм, яах вэ? Энэ мухардал мөн үү?

-Шашин гэхээсээ илүү буддын философи, амьдралыг үзэх үзэл хүний тархийг судалдаг. Тархийг судалсаар байгаад хөгжиж болох оройн дээд цэг рүүгээ явж байна. Үүнийг л гэгээрсэн гээд буй юм. Хутагт хувилгаадын тухай өгүүлсэн зөн билгийн ном зохиол унших дуртай боллоо. XXI зуунд хүмүүс амьтан болохгүйн тулд хүн төрөлхтний төлөвшил буддизм буюу буддын гүн ухаан, оюун ухааны дасгал хичээлүүдийг уншиж, танин мэдэх нь зөв юм. Технологи өндөр хөгжихийн хэрээр хүн эргээд араатан шинж байдал руугаа орж байна. Технологи, араатан хоёрын дунд эргээд хүн байлгах чанар ухагдахуун, сургаал нь буддизм юм гэж ойлгож буй. Амьдралын мухардлаас гарах, шунал дэвээс ангид байх арга зам ерөөсөө л энэ.

 Монголчууд “Тэнгэр мэдтүгэй” гэж хэлдэг нь оргүй үг бас биш юм

Д.ГАН-ОЧИР НЭРИЙГ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЗОРИУЛНА

-Буддизмын тухай ярихаар зарим хүн мухар сүсэг мэт хүлээж авдаг тал бий?

-Хүнийг амьдралын мухардлаас гаргах олон өөр зүйл бий. Өнөөгийн Улаанбаатар стресс ихтэй хот болсон. Улс нь хөгжлийн гажуудал, хүн нь амьдралын мухардалд орчихоор муу бүхэн цэцэглэн хөгждөг. Амар хялбар аргаар маш хурдан баяжих сэтгэлгээ хүнийг хүнлэг байх сэтгэлийн мөснөөс нь салгаж байна. Маш хурдан шуналдаа хүрэхийн тулд өөрийгөө мартаад араатан шинжээр юуг ч үйлдэж чадахаар болсон. Тэгэхээр тайтгарч, стрессдэхгүй байхын тулд өөрийгөө таних аргад суралцах хэрэгтэй.

Хэдийгээр танихгүй ч гэлээ сүүлийн үед гавж Д.Нямсамбуугийн ярьж буй цахим лекц таалагдаад байгаа. Буддын шашны гүн ухааныг танин мэдэхүйн болоод судлагдахууныг өнөөгийн залууст ойлгуулахын тулд зөв чиг, хандлагаар ярьж байна. Түүний орчуулсан номнуудыг уншиж үзээд ерөнхийд нь ойлгосон.

-Таныг буддизм судална гэж үнэндээ санаанд орсонгүй. Энэ удаад арай өөр зүйл сонсох нь?

 Занабазарыг шарын шашныг оруулж ирсэн, манжид дагаар орж урвасан гээд янз бүрээр ярьдаг. Миний хувьд шүүн ярих дургүй. Харин ч монголчуудыг энэ зэрэгтэй байлгаж буй нь түүний ач гавьяа. Бид өнгөрсөн түүхийг өөрчилж чадахгүй. Миний хувьд ахуйтай холбож буддизмыг судлаад, тэнгэр үзэл монголчуудын хамгийн дээд оройн үзэл гэж ойлгож буй. Монголчууд “Тэнгэр мэдтүгэй” гэж хэлдэг нь оргүй үг бас биш юм.

 Гараар бичихэд толгойд мартагдахааргүй үлддэг. Товчхон хэлбэл, би ганц хүний академи бүрдүүлж өөртэйгөө ноцолдож буй хэрэг. Үүний үндсэн дээр л би “Нууц товчоо” дуугаа зохиосон юм шүү дээ.

Дуугаар дамжуулж би юу хийх вэ гэж их боддог

-Мэдээлэл ихтэй болохоор би таны нүүр номоор хааяа зочлох дуртай. Танаас “Сэцэн ханы дуулал” шинэ дуу төрж дээ?

-Хэнтий Дорнод, Сүхбаатар нутгийн гурван дуучинтай хамтарч бас нэг шинэ дуутай боллоо. Одоо морь, бөх, нутаг ус гэсэн дов жалгын үзлээр уран бүтээлд хандахаа больё.  Надад амралтын өдөр гэж байдаггүй. Одоо чамтай яриад сууж байхад тархинд буй хоёр захиалгаа яаж барах вэ? гэж давхар бодож сууна. Энэ мэтчилэн амрангаа ажиллаж, ажиллангаа амрах арга барилаар амьдарч буй. Дуугаар дамжуулж би юу хийх вэ гэж их боддог.

Эцгийнхээ хайрласан Ган-Очир нэрийг насаараа Монголын төлөө зориулна. Би Эрээн, Наушкаар хэсэхгүй, энд тэнд очиж ажил хийхгүй ээ. Залуус гадаад орныг зорих сонирхолтой байдаг бол би хөдөөгийн эгэл нэг сум руу яардаг.

 -Р.Балжмаа багш нутагтаа цайгаараа алдартай юм билээ. Аавынхаар чинь зочдын хөл тасардаггүй л  гэж дуулсан?

-Манай аав, ээж зан сайтай. Дорнодод очихоор аавынх байнгын хөл хөдөлгөөнтэй сууна. Ээжийн чанасан цай, хайрсан боорцог амттай. Тэр хавьдаа л Балжмаа багшийн цай амттай гэдэг болжээ.  Нутгийн хөгшин, залуугүй цай уунгаа хол ойрын яриа дэлгэхээр аавынхаар ирдэг бололтой юм. Намайг ирэхээр ээж нөгөө зочдодоо “Манай хүү ирсэн шүү” гэж дуулгана. 

-Өглөө юун тухай бодоод гэрээсээ гарав?

-Өдөр бүр өөр бодол төрнө. Өөрийгөө гэхээсээ илүү Монгол минь туурга тусгаар, эсэн мэнд, тайван хоноосой гэж бодох юм байна шүү дээ. Хүний оюун санаа тэнгэрийнх, харин бие нь байгалийнх юм. Монголчууд байгальтайгаа шүтэлцээтэй амьдардаг. Амьдчилан үзэж харьцсаар ирсэн. Хүн өөрийгөө завтай байлгах хэрэггүй. Би хөгшин биш л дээ. Гэхдээ амар хялбар аргаар амьдармааргүй байна. Унаа түгжирсэн үед утаатай ч гэсэн Улаанбаатарынхаа замаар алхана.       

-Энэ хүйтэн нийгмийг юу аварна гэж бодож байна?

 Ирээдүй бол гэрэл, оюун санааны зуун.

Бумбын эрин эхэлж байна. Утга,уран зохиол, яруу найраг эргээд мандана.Харь хэл сурах гэж хичээхээ больж монгол хэлээ эрхэмлэн дээдэлж гайхамшгийг нь мэдрэх цаг ирнэ. Хятад, англи хэлний сургуульд хүүхдээ хөтөлж оруулахаас хүмүүс ичдэг болно. Бид хүний нутгийг сайхан гэж сайрхан ярихаас илүү өөрийнхөө эх орныг нэг удаа ч гэсэн тойрч аялаад ямар гайхамшигтай оронд амьдарч байгаагаа эхлээд мэдэрчих хэрэгтэй. Монгол гурван цагийн бүслүүрт оршдог улс. Дөрвөн улирал ээлжилдэг улс дэлхийд ховор. Цаана чинь цас үзээгүй, тэнгэр цэнхэр, нуур цэнгэг байдгийг хараагүй гаднын хүн Монголыг зорин ирж үзээд гайхан биширч байна. Бид дотоод ертөнцийнхөө мэлмийг нээж, байгаа бүхнийхээ сайхныг дэргэдээсээ мэдрэх хэрэгтэй.

Утга,уран зохиол, яруу найраг эргээд мандана

БИ ӨӨРИЙНХӨӨ МОРИНЫ АМГАЙГ ТАТЧИХСАН

-Нэг урсгал гаргаж ирчихээд өөрийгөө найрагч болсон гэж онгирдог залуус байна. Тэднийг “сургаад өгмөөр” санагддаг уу?

-Би өөрийгөө магтахгүй. Гэхдээ бидний үеийнхэнд утга, уран  зохиолын салбарт хийсэн зүйл их бий. Яруу найрагч ямар байдаг юм, эрч хүч нь хаанаас ундарч, шүлгийнхээ охь дээжийг яаж гаргаж уншигчдад хүргэдгийг бүтээлээрээ харуулж чадсан. Олны оюун санааг чамлахааргүй чансаатай бүтээлээрээ угжиж чадсан гэж боддог. Энэ бүхэн зөвхөн биднийх гэж бид цээжээ дэлдээгүй, учир нь биднийг алтан үеийнхэн маань хүмүүжүүлж хэлж, чиглүүлж, зөвлөж сургаж, билэг авьяасыг минь нээж өгсний ач. 

Бидний үеийг таслалгүй үргэлжлүүлж байгаа залууст би баярладаг. Бүтээлийг нь харж байхад сэтгэлгээ ядуу, аялалдан дагалдсан байдалтай. Хамгийн хэцүү нь уран зохиолыг нэр хүнд, карьер гэж харж байна. Хэрвээ ингэж харах байсан юм бол утга, уран зохиолын гал голомтонд асах ч биш,уугих ч биш битгий байгаач. Утга, уран зохиолын салбарын удирдлагуудыг буруутгахгүй. Нэр хүнд нь унасан энэ салбарыг “амьсгал хураалгачихгүйн тулд” чадахаараа хичээж ажиллаж байгаа.

Хүнд хэцүүг туулаад гарах цаг хугацаа бий. Залуус өөрийнхөө тухай уншаад өрөөлийг уншихгүй юм. Тэртээ тэргүй утга зохиол өөрөө агуу гол мөрөн. Хэнийг зомгол шиг эрэг дээр шидэхээ, хэнийг аваад цааш урсахаа, хэнийг индэр дээр гаргах вэ? гэдгээ цаг хугацаатай хамт шийддэг. Зөвлөхөөр алгадуулчих гээд, хэлэхээр муудчих гээд байх юм.

 Энэ айлын батлахыг нь өвөртөлчихөөд өөрийгөө дөвийлгөж яриад, нэрээр нь нэр хүнд хийгээд байх хэрэггүй. Аливаа зүйлээс хариу харахгүй байна гэдэг хамгийн зөв зүйл юм.

-Сэтгэл зүрхтэйгээ зөрчилдөж, өөрийгөө ч ойлгохгүй үе байдаг л  биз?

-Урлагийн ертөнцөд томъёолж чаддаггүй ганц салбар бол утга зохиол. Яруу найрагч ийм, тийм байх ёстой гэсэн дүрэм ч байхгүй. Замбараагүй юм шиг хэрнээ тэнгэрийн өгөгдлөөр бичдэг улс. Цаг үеэ олж төрөөгүй адлагдсан, задарсан, хэлмэгдсэн, хэрчүүлсэн гайхалтай яруу найрагчид бий. Тэр хүнд үеийг тэвчээд туулаад гарсан нь ч байдаг. Тухайлбал, Р.Чойном. Өөрөө байхгүй ч шүлгүүд нь ямар ч он цагийн шуурганд тэсэж үлдээд амьдарч чаддаг. Утга, уран зохиолын гайхамшгийг мэдрүүлсэн, өртөөлчилсөн бамбарыг унтраалгүй авчирч өнөөтэй золгуулсныг бид улам бадраах ёстой. Бичиж буй бүх төрөлдөө чанартай, даацтай сайн бүтээл төрүүлэх л чухал.

-Та “Болор цом”-д үргэлж шүлэг сойгоод байдаггүй л дээ. Гэхдээ сайхан бүтээлүүдтэй?

-Яруу найргийн “Болор цом” наадмыг би Дорнод аймагт шүүсэн. Болор цом аваагүйдээ дургүйцэж Зохиолчдын хорооны даргаа шүүмжилж монголоор нэг хэвлэл мэдээллээр муулаад байгаа хэдэн нөхөр бий л дээ. Өчнөөн гавьяа шагнал хүртчихээд Болор цом авахгүй бол үхэх гээд байгаа юм шиг аашилдгаа больмоор юм. Ийм их хэрүүлтэй, амбицтай хүмүүс рүү гүйж очих хэрэггүй. Би өөрийнхөө морины амгайг татчихсан.  Гавьяа шагнал авч явахад их хэцүү. Нэмэр болохоос илүү нэрмээс болох юм билээ. Хүнтэй уулзахаар цэцэн болж харагдах, хүн харахаар гоё хувцаслах гэж хичээх нэг талаар төвөгтэй санагддаг.

-Хэвлүүлсэн ном болгондоо ханийнхаа тухай өгүүлсэн байх юм аа?

Буддын шашны бага хөлгөний судруудыг уншиж байна

ХОЖЛЫН ТӨЛӨӨХ ХОККЕЙН ЗОДООН ҮЗЭХ ГОЁ

-Найзуудтай хааяа шар айраг ууж, спортын сэдвээр ярилцдаг л байлгүй?

-Би найзуудтайгаа NHL (шайфтай хоккей) дурлаж үздэг. Энэ спортод өөрийгөө зориулж домог болсон тамирчдын тухай сонирхуулж ярина. Европын тэмцээнд оросын лигонеруудын тоглолтыг харах дуртай, тэдний улаан фэн нь. Хожлын төлөөх хоккейн зодооныг үзэх бас л гоё шүү дээ.

-Та хамаг мөнгөө номонд зориулчихдаг гэл үү?

-Хармаанд мөнгө байвал номонд харамгүй өгчихнө.Сайхан зохиолоос гар татдаггүй. Манайх номоор баян айл. Хүний сонирхож асуусан ховор номнууд надад байдаг. Хамгийн сүүлд Кунзын сургаалын ном, Ж.Нэргүй ахын орчуулсан “Кафаровын нууц товчоо”, Г.Аким ахын орчуулсан “Шастирын чуулган” I, II боть ном худалдаж авсан. Ууган хүү  маань хятад хэлний орчуулагч Д.Болдбаатар ахын “Дияан” номыг бэлэглэлээ. Миний хувьд “Монголын Нууц Товчоо”-той холбоотой дэлхийн монголч эрдэмтдийн судалгааны номын цуглуулгатай болохыг зорьж байна. Ломбын Нямаа гуай надад “Чи яруу найргийн нэг түвшинд гарсан, одоо зэн буддизм унш” гэж хэлсэн. Хятадаар Чан, Японоор Зин, Монголоор Дияан гэсэн үг.

Буддын шашны бага хөлгөний судруудыг дотор нь задалж уншиж байна. 

-Та хүүгээ цэргийн алба хаа гэсээр байгаад явуулчихсан гэдэг. Үнэн үү?

-Тийм ээ, хүүгээ СЭЗДС-ийн I курс төгсдөг жил нь цэрэгт явуулсан. Нэг өдөр “Миний хүү цэргийн алба хаа. Эх орон хэзээ нэгэн цагт дуудахад очих л ёстой. Би чамайг хайрлаад алгадаж ч чадахгүй юм, арми чамайг хүмүүжүүлнэ” гэж хэлээд хүүгээ үнссэн дээ.Тангарагийн баяраар хүүгээ нэг эргэж очсон. 

Намар цагт олонд танил болсон ихэнх бүтээлүүд маань төрсөн байдаг

Хүний сонирхож асуусан ховор номнууд надад байдаг

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.