“Queen” гэсэн нэрийг рок хөгжим сонирхогчид андахгүй. Энэ бол 1970-аад оны үед дэлхийн залуусыг байлдан дагуулж байсан алдартай хамтлаг. Гэхдээ 1991 он хүртэл тийм байсан гэдэгтэй маргахгүй болов уу. Учир нь энэ онд хамтлагийн дуучин, дуу зохиогч Фредди Меркюри таалал төгсөж байсан юм. Түүнийг ижил хүйстэн төдийгүй ХДХВ/ДОХ-оор 45-хан насандаа хорвоог орхисон гэдгийг бид мэдэх ч чухам ямар амьдрал туулж ирснийг төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс рок хөгжмийн домог Фредди Меркюригийн амьдралын тэр бүр хүн бүхэн мэдээд байдаггүй сонирхолтой баримтуудаас хүргэж байна.
Фреддигийн нэрийг Фредди гэдэггүй
Түүний жинхэнэ нэрийг Фаррох Булсара гэдэг бөгөөд 1946 онд Энэтхэг гэр бүлд төрж, Мумбайд өссөн байна. Долоон настай байхаасаа хөгжим сонирхож төгөлдөр хуураар хичээллэж эхэлжээ. Бяцхан Фаррох анхны хамтлагаа 12 настай байхдаа Британи сургуульд байгуулсан байна. Хамтлагийн нэр нь “Хэктикс”. Энэ үеэс л түүнийг жинхэнэ нэрээр нь биш Фредди гэж дуудаж эхэлжээ.
Фреддигийн дуулсан анхны хамтлагийг Хектикс гэдэг байв
17 настайдаа сургуулиа төгсөөд Фреддигийн гэр бүл Энэтхэгийн Занзибар муж руу нүүхэд тус мужид шинэчлэл хувьсгал эхлэн, найзууд гэр бүлийн хамт Лондон руу явахаар болсон байна. Түүний Лондонд ирэхээр шийдсэн нь дуу хөгжмийн ертөнцийн домог болох эхлэлийнх нь хамгийн чухал алхам байв.
Лондон бол түүний дэлхийд нэр алдраа цуурайтуулах гараа байв
“Love Of My Life”
Лондоны коллежид Фреддиг дуу хөгжмийн чиглэлээр суралцсан гэж олон хүн боддог. Гэхдээ үгүй. Фреддигийн коллежид эзэмшсэн мэргэжил нь график дизайны урлаг юм. Хэдий өөр мэргэжил эзэмшсэн ч хэд хэдэн хамтлагт дуулж, түүний зүрх сэтгэл үргэлж хөгжимтэй холбоотой байсаар байв. Удалгүй Мэритэй танилцаж долоон жил үерхэж хамтран амьдарсан ч тэд гэрлэж байгаагүй. Салсныхаа дараа ч Фредди Мэри Остинтой ойр дотно байж, түүний тухай ярьдаг байлаа. “Queen” хамтлагийн алдартай дуунуудын нэг “Love Of My Life”-г Мэрид зориулан бичиж байжээ.
Британийн гүнж Дианагийн нөхөрлөл
“Queen” хамтлаг 1980-аад он гэхэд хэдий нь дэлхийн алдартай рок хамтлагуудын нэг болсон байв. Энэ үед олны анхаарлын төвд байсан өөр нэг хатагтай бол Британийн гүнж Диана. Хүмүүс Диана болон Фредди нарын талаар сайн мэдэх ч тэднийг дотно найзууд байсан гэдгийг тэр бүр мэддэггүй. Гүнж байна гэдэг амаргүй, олны хөлөөс зугтаж аюулгүй байдлаа хамгаалах хэрэгтэй болдог. Харин Фредди түүнийг эрэгтэй хүн шиг хувцаслаж нууцаар дагуулан гарч хөгжилддөг байжээ.
Хүмүүс Диана болон Фредди нарын талаар сайн мэдэх ч тэднийг дотно найзууд байсан гэдгийг тэр бүр мэддэггүй
Шинэ шүдтэй болохоос татгалзсан нь
Фреддигийн дээд талын шүднүүд орсойж урагш түрж ургасан нь цаашдын карьерт нь нөлөөлнө гэж олон хүн үздэг байлаа. Сурталчилгааны гэрэл зургууд, хамтлагийн тоглолтон дээр бусдад таатай харагдахын тулд шүдээ янзлуулахыг түүнд зөвлөж байв. Гэвч 50 сая ам.долларын хөрөнгө цуглуулаад байсан рок од татгалзжээ. Учир нь хагалгаа түүний дуу хоолойны хүч, өнгөнд нөлөөлнө гэж эмээжээ.
Фредди Меркюри эцсийн амьсгал хүртлээ дуулсан
Фреддид рок хөгжмөөс илүү хайртай зүйл бий юү гэвэл тиймээ, байгаа. Тэрээр мууранд маш их хайртай байжээ. Нэг дор 10 муур зэрэг тэжээдэг байсан гэдэг.
Хэдийгээр дэлхийд нэр алдар нь түгсэн ч хэвлэл мэдээллээс аль болох зугтдаг нэгэн байсан юм. Үзэгчдийн өмнө гарахдаа төрөл бүрийн зан авир гаргадаг байсан ч үнэндээ бага зэрэг ичдэг байсан гэдгээ цөөхөн удаа ярьсан байдаг. ХДХВ/Дох гэгч үхлийн тахал туссаныхаа дараа дуу хөгжмөөсөө хөндийрч эрүүл мэнддээ анхаарна гэж олон хүн бодсон байх. Гэхдээ тэр хулчийгаагүй. Фредди амьдралынхаа эцсийн мөч хүртэл дуулсаар л байсан юм. Түүний амьдрал хоромхон хугацаанд оргилон бадамлаад унтардаг зул мэт богино боловч үлгэр домгийн мэт байлаа.
Эх сурвалж: www.travelfuntu.com