БНСУ-ын Засгийн газар дэлхийд тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчдийн нэг “BMW” компанийг 11 тэрбум вон буюу 10 сая ам.доллараар торгохоор болжээ. Тус улсад “BMW” машинуудын хөдөлгүүр шатсан хэрэг удаа дараа гарснаас болж иргэдийн аюулгүй байдал зөрчигдсөн байна.
Энэ жил Өмнөд Солонгос улсад тус автомашины хөдөлгүүр шатсан хэрэг 50 гаруй удаа гарчээ. Азаар хэрэглэгчид амь насаа алдах болох гэмтэж бэртээгүй байна.
Германы автомашин үйлдвэрлэгч компани хэрэглэгчдэд эрсдэл учруулж болохуйц тээврийн хэрэгслүүдээ эргүүлэн татахаар болсон ч энэ ажил хэт удаашралтай байгаад Өмнөд Солонгосын Засгийн газар шүүмжлэлтэй ханджээ. Дэд бүтэц, тээврийн яамны мэдэгдсэнээр тус компанийг торгохоос гадна алдаатай үйлдвэрлэгдсэн автомашинуудаа зах зээлд нийлүүлсэн хэргийг гэмт хэргийн үндэслэлтэй авч үзэх эсэхийг шийднэ гэжээ.
“BMW” компанийн зүгээс Солонгосын Засгийн газрын гаргасан дүгнэлттэй санал нийлж байгаагаа илэрхийлж хэрэглэгчдээсээ хүлцэл өчөөд байгаа юм. Хөдөлгүүр асч утаа гаргах явцад эргэж утаагаа сорсноор дөл авалцаж байгааг мэргэжилтнүүд тогтоожээ. Энэ нь хөдөлгүүрийн загварын алдаа гэж Сөүлээс үзжээ.
2017 онд Германы тэргүүлэх автомашин үйлдвэрлэгч компани дэлхий даяар хоёр сая автомашин борлуулснаас 172,000-ыг нь эргүүлэн татах шаардлагатай болсон. Эдгээрээс 60,000 автомашиныг Өмнөд Солонгос улсад нийлүүлсэн нь тус улсын зах зээлд хоёр дагч том борлуулагч болоод байжээ.
Эх сурвалж: www.cnn.com