ШУУД: Цагдаагийн ерөнхий газар, ОБЕГ, МХЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагад сүүлийн 23 хоногийн хугацаанд 1175 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 637 гэмт хэргийг илрүүлжээ. Тухайлбал, хүний амь нас хохирсон 165 гэмт хэрэг гарснаас архидан согтуурахтай холбоотой 13 хүн амиа алдсан байна. Мөн амиа хорлосон зургаан, долоон хүн осгон алтан амиа алджээ. Түүнчлэн энэ сард 4598 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд хоёр хүн шинэ жилийн баярын арга хэмжээний дараа осгож нас барсан хэрэг гарсныг ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн хэлсэн юм. Тиймээс шинэ жилийн баяр тэмдэглэж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол хамт олондоо анхаарал тавьж, биеэ хянах чадвараа алдсан, согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн нэгнээ ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөхийг зөвлөлөө.
МХЕГ-аас гол үндсэн дөрвөн чиглэлд хяналт шалгалт хийж байгаа талаар тус газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэл хүргэсэн юм. Хяналт шалгалтын явцад 312 зөрчил илрүүлж, 192 зөрчлийг газар дээр нь арилгуулан шийдүүлсэн. Хаяг шошгын зөрчилтэй найман төрлийн 6000 гаруй ширхэг бүтээгдэхүүнийг илрүүлж, худалдаанаас татан авсан. Мөн 22 төрлийн 692 мянган төгрөгийн бүтээгдэхүүний хураан авч устгалын комисст шилжүүлэн дээрх бүтээгдэхүүнээс үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн. Иргэдийн хувьд амархан муудах хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ тухай цаг бүрт идэж, хонуулахгүй байхыг анхааруулав.