Нийтэлсэн:
SportsMan
5 жилийн өмнө
Монголын чөлөөт бөхийн хүчтэнүүдийн гаргасан амжилтуудаас товчхон дурьдвал:
- Эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн ДАШТ-д 52 орны 234 тамирчин 10 жинд өрсөлдөв. Манай улсаас бүтэн багаараа оролцсноос гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 72 кг-д мөнгө, ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, долоон тамирчин шагналт байрт орж, 71 оноогоор багаараа тавдугаар байр эзэлсэн амжилттай өндөрлүүллээ.
- ДБНХ (UWW)-ны бөхийн төрлүүдийн 2018 оны 23 хүртэлх насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чөлөөт бөхийн төрөлд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцсон бөгөөд эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд “Аваргууд” академийн тамирчин, спортын мастер Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг, 57 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 62 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа нар хүрэл медаль хүртсэн амжилттай өндөрлүүллээ. Энд Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дөрвөн насны ангиллаар ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн төдийгүй спортын түүхэнд анхны тамирчин болж байна.
- “Буэнос-Айрес-2018” залуучуудын зуны III олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Тамирын Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртэв.
- Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 46, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр найм, нийт 16 тамирчин хүч үзсэнээс хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Баяраагийн Халиунаа, 65 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа мөнгө, эрэгтэйчүүдийн 74 кг-д Орхон аймгийн тамирчин Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 53 кг-д “Аврагч” спорт хорооны тамирчин Батбаатарын Энхцэцэг нар хүрэл медалийн эзэн болсон юм.
- Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн тэмцээнд “Шар тив”-ийн 29 орны 174 бөх эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн жингийн ангиллаар өрсөлдөв. Манай бөхчүүд бүтэн багаараа Жакартагийн дэвжээнд зодоглосноос хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл, нийт зургаан медальтай тэмцээнээ өндөрлүүллээ. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдийн 62 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин П.Орхон нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа Индонезид эгшиглүүлсэн. Тэд чөлөөт бөхийнхөнөөс Азийн наадамд түрүүлсэн 11, 12 дахь тамирчин болсон юм.
Энэ мэтчилэн манай чөлөөтийн хүчтэнүүдийн амжилт үнэхээр арвин жил байлаа. Манай www.livetv.mn сайт байгуулагдсан цагаасаа чөлөөт бөхийнхнийхөө оролцсон тэмцээн бүрийн мэдээ, мэдээллийг шуурхай хүргэж байсан бөгөөд ирэх 2019 ондоо ч монголчуудынхаа амжилт бүртэй хамт байж мэдээ, мэдээллийг шуурхай хүргэхээр ажиллах болно.
2018 оны шилдэг 10 мэхний түүвэр бичлэгийг хүргэж байна.
Чөлөөт бөхийн ганган техникүүд: