Ойрын сар гаруйн хугацаа улс төрийн тогоонд багагүй бужигнаантай үеүүдийг өнгөрүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт ч энэ бужигнаан төдийлөн намдсангүй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Ёс зүйн дэд хороо болон ихэнх байнгын хороод хуралдаж чадалгүй тарсан, чуулганыг бойкотолсон гишүүд бойкотоо үргэлжлүүлсэн, МАН дотор хоёр хуваагдсан бүлгүүд ээлж дараалан мэдэгдэл хийж Үндсэн хуулийн цэцэд хандсан, сөрөг хүчин АН эрх баригчдыг шүүмжилсэн долоо хоног байлаа. Харин энэ бужигнаан дунд хэн юу гэж хэлснийг Livetv.mn онцлон хүргэж байна.
Ц.Цогзолмаа: Ерөнхий сайд намайг кноп дарсны төлөө ажлаас чөлөөлсөн гэтэл Я.Содбаатарыг...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Я.Содбаатар сайд бид хоёрыг чөлөөлөх асуудлыг зэрэг оруулж ирсэн. Гэхдээ Я.Содбаатарыг ЖДҮ-тэй холбогдсон учраас чөлөөлнө гэсэн бол намайг кноп дарсны төлөө чөлөөлнө гэсэн. Энэ шийдвэр нь хир шударга вэ гэдэгт учир мэдэх хүмүүс дүгнэлт өгөх байх.
Ж.Бат-Эрдэнэ: Гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулъя
ЖДҮС-аас зээл авсан гишүүдийн ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой асуудал дарагдах, бүдгэрэх хандлагатай байна. Тиймээс УИХ-ын нэр бүхий 20-иод гишүүн гарын үсэг зурж Ёс зүйн дүрэмд заасан “гишүүн хууль зөрчсөн, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, хуулийг чандлан сахих” үүргээ биелүүлж бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулъя гэж байгаа юм. Энэ уриалгыг бусад гишүүд ч гэсэн дэмжиж хамтдаа шалгуулахыг уриалж байна.
Т.Аюурсайхан: УИХ-ын дарга М.Энхболд заавал хууль ярих биш ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой
Нэгэнт УИХ-ын 40 гишүүн энэ хүнээр удирдуулахгүй гээд чуулганд орохгүй байхад УИХ-ын дарга “энэ асуудалд оролцож, энэ асуудалд оролцохгүй” гэж ярих ёсгүй. УИХ-ын дарга чуулганыг удирдан зохион байгуулж, үйл ажиллагаа нь хэвийн явах нөхцөлийг хангах үүрэгтэй. Хэдэн ч хүн гарын үсэг зурсан огцрохгүй гэж хэлж болохгүй. Заавал хуулийн үндэслэлээ тавь гэж болохгүй.
Б.Гүнбилэг: УИХ-ын даргыг ажлаа өг гэж шахаж байгаа асуудал нь хууль бус
УИХ-ын тухай хуулийн 10-р зүйлийн 3-т УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ гэж заасан байдаг. Ер нь УИХ-ын даргыг ажлаа өг гэж шахаад байгаа асуудал нь УИХ-ын тухай хуулийн 10-р зүйлд заасан 5 үндэслэлийг хангахгүй байгаа юм.
АН-ын дарга С.Эрдэнэ: У.Хүрэлсүх ярьдаг гурван л ажилтай
Нэг нь шатахууны үйлдвэр. Тэр нь хэзээ ашиглалтад орж, хэзээ ашгаа хүртэх нь тодорхойгүй.
Хоёр дахь нь цэвэрлэх байгууламж. Өнөөдрийг хүртэл тендер нь будлиантай. Хэзээ эхлэх нь мөн л тодорхойгүй.
Гурав дахь нь саарал ус. Аль хэдэн жилийн өмнө яригдсан саарал усны гэрээнд гарын үсэг зурснаас өөр ямар ч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэнгүй.
З.Нарантуяа: МАН 2,6 жил засаглахдаа Монгол улсын өрийг 4,5 их наядаар нэмсэн
2016 оны 6 сард Засгийн газрын өр 16.6 их наяд байсан бол 2018 оны 6 сард 21.1 их наяд төгрөгт хүрсэн. 4.5 их наядаар өр нэмэгдсэн.
ОУВС-аас манай улсыг гадаад валютын нөөцөө 500 сая доллараар нэмэгдүүлж 3,7 тэрбумд хүргэх шаардлага тавьсан. Гэвч үүнийг ч хэрэгжүүлж чадахгүй байна.Үндсэндээ МАН-ын Засгийн газар юу ч хийсэнгүй.
Л.Энх-Амгалан: МАН-ын бүлэг 32-ын А, 32-ын Б гэж хоёр хуваагдсан
МАН-ын бүлэг 32-ын А, 32-ын Б гэж хоёр хуваагдсан. Үүссэн нөхцөл байдлыг бид эвлэрлийн журмаар, хууль дээдлэх зарчмаар, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр зохицуулах гэсэн санал, санаачилга гаргаад явж байна. 32 Б талаас надаар ахлуулаад, 32-ын А талаас Ч.Улаан сайдаар ахлуулаад дөрөв, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 удаагийн уулзалт зохион байгуулсан. Одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй.
Д.Оюунхорол: УИХ-ын даргыг огцруулах саналд гарын үсэг зурсан 38-ын 25 нь ЖДҮ-чин
Манай нөгөө тал “бидний талд Ерөнхий сайд байгаа учраас” гэсэн хандлагаар хүч түрэмгийлсэн маягаар ажиллаж байна. Харин бид хүлээцтэй хандаж байна.
Тиймээс намын эрх ашиг, улс эх орныхоо эрх ашгийн төлөө ургагш алхъя гэхээр болохгүй байна. Тэд попроод л, өнөөдөр л гэхэд 39 гишүүнийг УИХ-ын даргыг огцруулах асуудалд гарын үсэг зуруулсан гэх мэтээр яриад явж байна. Энэ гарын үсэг зурсан гишүүдийн 20 гаруй нь ЖДҮХС-аас зээл авсан хүмүүс.
Ё.Баатарбилэг: Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нар УИХ-ын дарга л болох гээд байгаа юм биш үү.
Сайд Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ч.Улаан нарын туршлагатай улс төрчид өөрсдөө манлайлж, залуу гишүүддээ үлгэр дуурайл үзүүлж байхын оронд улам хагаралдуулж, залуучуудыг турхирч, мухардмал байдалд оруулж байгааг гайхаж байна.
Эндээс тодорхой албан тушаалтнуудтай хариуцлага ярьж байгаа нэрээр албан тушаалд нь санаархаж байна гэж харж байна. Албан тушаалын үнэр авчихаад УИХ-ын дарга л болох гээд байгаа юм биш үү. Ө.Энхтүвшин нь ч юм уу, Ц.Нямдорж нь ч юм уу, аль нэг нь.
Д.Лүндээжанцан: ТББХ гурав дахь өдөр хуралдана
Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх долоо хоногийн 3 дахь өдөр хуралдана. Хэнтийн сонгуулийн асуудлыг хэлэлцэнэ. Харин УИХ-ын даргыг огцруулах саналыг хэлэлцэх эсэхээ ярилцана.