Баруун бүсийн зангилаа - Эрдэнэт дэд станц дээр Монгол улсын Эрчим хүчний системийн хамгийн том 220/110кВ хүчдэлийн 200 МВА хүчин чадалтай Авто трансформатор (дэд станц)-ын нэг нь өнгөрсөн долоо хоногт шатаж, ашиглалтаас гарсан тухай бид мэдээлсэн.
Өмнө тавьсан нь 30 жил саадгүй ажиллаж байхад шинээр тавьсан трансформатор ашиглалтад ороод таван ч жил бололгүй ийнхүү шатсанаар улсад 2-3 тэрбумын хохирол учирч, шинээр авч суурилуулахын тулд дахин 2-3 тэрбум төгрөг зарлагадах болоод байхад Эрчим хүчний яам, салбарын сайд Ц.Даваасүрэн энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөлгүй, хав дарж байгаа талаар ч бид мэдээлсэн. Ялангуяа Дамжуулахынхан энэ мэдээллийг хэнд ч мэдээлэхгүй байх санаатай байгаа юм гэсэн.
Гэвч бид Эрдэнэт дэд станцын Гүйцэтгэх захирал Б.Нямсамбуутай холбогдож, өнгөрсөн долоо хоногт болсон ослын талаар тодруулсан юм.
-Монгол улсын хамгийн том, хоёрхон байдаг дэд станцын нэг нь шатжээ. Юуны улмаас ийм осол болов?
-Шалтгааныг нь мэдэхгүй. Задалж үзэхээс нааш мэдэх аргагүй шүү дээ. Ажлын хэсэг гараад шалгаж байгаа.
-Энэ дэд станцыг хэзээ, ямар компани суурилуулсан юм?
-2013 онд тавьсан. Бичиг цаасыг нь харахгүй бол мэдэхгүй байна. Би тэр үед байгаагүй. Би энэ ажлыг 2016 онд авсан.
-Одоо байдал ямар байна. Нөгөө станц нь доголдвол яах вэ?
-Нөөцөд байсан 125 МВА трансформаторыг тавьсан. Хадгалж байснаа тавьсан гэсэн хариулт өглөө.
Ер нь эрчим хүчний салбарт мафи ажиллаж байна гэж үзэх үндэстэй болсон талаар эх сурвалж мэдээллээ. Трансформатор шатаж л байдаг, ДЦС-4 дээр томоохон осол гарч л байдаг. Хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрдөг. Улсын олон тэрбум төгрөгөөр дахин дахин худалдаж авч татвар төлөгчдийг хохироодог болжээ. Үүний нэг илрэл нь Эрдэнэтэд болсон осол ажээ.
Энэ зун улсын нөөцөнд худалдаж авсан АТ-г Цагаан суваргын ордод зориулан тээвэрлэж хүргэсэн ба саяхан буцаагаад Улаанбаатар хотод аваад ирсэн байна. Тээврийн зардалд 500 сая төгрөг зарцуулжээ. Ямар ч үр ашиггүй, нааш цааш тээвэрлэж улсад 500 сая төгрөгийн хохирол учруулсан байх юм. Энэ бол зохион байгуулалттай бүлэглэлийн хийсэн ажил гэж ярьцгааж байна.
Энэхүү хэргүүдийг АТГ, ТЕГ анхааралдаа авах цаг болжээ. Мэргэжлийн, салбарын, нарийн асуудал гэж хэн хүнийг ойртуулдаггүй эрчим хүчний салбарынхан улсын мөнгө ёолохгүй хэмээн дураар дургиж байгаа нь харамсалтай.