УИХ-ын чуулганы Баасан гаригийн хуралдаан 10.00 цагт товлогдсон ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хуралдаж чадсангүй.
Чуулганы хуралдааныг зарлан хуралдуулахаар УИХ-ын дэд дарга М.Энхболд гишүүдийг удаа дараа дуудсан боловч 33 гишүүн ирж, УИХ-ын даргыг огцруулахыг шаардаж байгаа 38 гишүүн хуралдаанд ирээгүй юм. Эцэст нь тэрбээр:
“Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ нарын 38 гишүүн албан бичиг надад ирүүлсэн. УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гарга гэсэн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлага өчигдөр анх удаа ирсэн юм биш. Намайг УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга урд нь надад тавьж байсан. Дараа нь манай намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн яг Ерөнхийлөгчийн хэлсэн утга агуулгаар намын бүлгийн хурал, байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр мөн энэ шаардлагыг тавьсан. Өчигдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн гарын үсэг зурж дээрх шаардлагыг ирүүллээ. Намайг огцруулах гарын үсгээ зурсан 38 гишүүний 34 гишүүн нь манай намын гишүүд. Гарын үсгээ зурсан нөхдийгөө би хэний хүсээд байгаа хүслийг гүйцэлдүүлэх гэж, хэний даалгасан даалгаврыг биелүүлэх зорилготойгоор гарын үсэг зурснаа тунгааж бодож үзсэн байгаа даа гэж бодож байна. Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон. Энэ албан тушаалыг өгч чөлөөлөгдөхөд надад зууралдаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ парламентын дотор болж буй үйл явдлууд хуулийн дагуу явагдах ёстой гэж үздэг. Тийм учраас нэр бүхий гишүүдийн шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа эсэхийг авч үзнэ үү гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Миний хувьд хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэдэгтээ бат итгэлтэй байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж шийдвэр гартал чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар удирдуулъя” гэсэн юм.
УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү.