УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалантай ярилцлаа. УИХ-ын дарга М.Энхболд өөрийг нь огцруулах бичиг өргөн барьсан гишүүдийн албан бичигт ТББХ хуралдаж хууль ёсны дагуу хариу өг, тэр болтол би хурал даргалахгүй гэсэн тул өнөөдрийн чуулганы хуралдааныг дэд дарга Л.Энх-Амгалан удирдсан юм.
Өнөөдрийн нэгдсэн чуулган 10 цагт товлогдсон боловч УИХ-ын 33 гишүүн ирж бусад гишүүд ирээгүй тул ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар тарсан. Ингэснээр чуулган 4 дэх удаагаа хуралдаж чадахгүй тарж байгаа юм. Гэвч хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагаа гацаанд орж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал гэж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэллээ.
Тиймээс ҮАБЗ хуралдах ёстой гэж УИХ-ын таван гишүүн үзсэн байна. Тэдний нэг нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан аж.