СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АН-аас УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлжээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
6 жилийн өмнө

АН-ын 9-р их хурлын гишүүд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлжээ. Ингэхдээ төрийн хууль, ёс зүй, шударга ёсыг ноцтой зөрчсөн УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, орон нутгийн бүх шатны удирдлагуудыг яаралтай эгүүлэн татаж, хариуцлага тооцохыг  шаарджээ.  
Хэрэв энэхүү шаардлагыг үл тоох аваас бид улс төрийн тэмцлийн дараагийн үе шатанд шилжих болно гэдгээ мэдэгдэж байна. гэжээ. 

Шаардлагыг бүрэн эхээр нь хүлээн авч уншина уу.

МАН төрийн эрх мэдлийг авснаас хойшхи хугацаанд төсвийн алдагдал 2017 онд 2.4, 2018 онд 2,7, 2019 онд 1.9 их наяд нийт 7 их наяд төгрөгт хүрлээ. 
Аж үйлдвэр, Зам тээвэр, Хот байгуулалт, Сум хөгжүүлэх зэрэг их бүтээн байгуулалтын төслүүдэд  зарцуулагдаж үр шим нь монголын ард түмэнд ил тод хүрсэн “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын зээлийг илүү өндөр хүүтэй “Гэрэгэ” бондоор, Евро бондын 600 сая ам.долларын зээлийг илүү өндөр хүүтэй “Хуралдай” бондоор сольж хугацаа алдсанаар хүүгийн зөрүүнд төсвөө чирч Монгол Улсын өрийг 27.5 тэрбум ам.долларт хүргэж, татвараа нэмж иргэдээ хоосолж байна. 


МАН-ын дотоод хагарал, бүлэглэл хоорондын тэмцэл намынхаа савнаас хальж, Монгол төрийн үйл ажиллагааг ноцтой хямралд хүргэж, ард түмний амьдралыг туйлд нь хүртэл доройтууллаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хариуцлагатай индэрээс 60 тэрбумын бичлэг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрснөөр Ардчилсан намаас удаа дараа тавьж байсан шүүмжлэл бодитой гэдгийг нотоллоо. 


МАН-ын Засгийн газрын гишүүд концесс нэрийн дор 800 гаруй тэрбум төгрөгийг хулгайлж, Засгийн газар нь огцорч байсан бол шударга журмыг тогтооно гэж гарч ирсэн өнөөгийн Засгийн газар УИХ-ын гишүүдтэйгээ  хуйвалдан ЖДҮХС-ийн хөрөнгийг өөрсдийнхөө амь амьдралаа дээшлүүлэх хэрэгсэл болгон хулгайлсан увайгүй үйлдэл нэгэнт ил тод болж, ард түмний бухимдлыг бий болголоо. 
МАН-ын удирдлагууд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг гэдсэндээ хөлөө жийлцэн төрөө хямруулж, түмнээ хөсөр хаяж байх хооронд долларын ханш, бензиний болон бараа бүтээгдэхүүний үнэ урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өсч, оффшорын мөнгийг олж ирж, эздэд нь хариуцлага тооцох амлалт ч ор сураггүй боллоо. 


Энэ бүхнийг үндэс болгон, Ардчилсан намын 9-р их хурлын төлөөлөгчид бид дээрх хэрэгт холбогдож, төрийн хууль, ёс зүй, шударга ёсыг ноцтой зөрчсөн УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, орон нутгийн бүх шатны удирдлагуудыг яаралтай эгүүлэн татаж, хариуцлага тооцохыг эрх чөлөөний түүчээ, Ардчилсан намын мянга, мянган гишүүд, дэмжигчид, ард түмнийхээ нэрийн өмнөөс хатуу шаардаж байна. 
Хэрэв энэхүү шаардлагыг үл тоох аваас бид улс төрийн тэмцлийн дараагийн үе шатанд шилжих болно гэдгээ мэдэгдэж байна. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.