Apple, Qualcomm компаниуд олон улсын шүүхэд хандаж, харилцан нэгнээ буруутгасаар дэлхийн томоохон зах зээлүүдийн нэг Хятадын шүүхэд хандаад байсан юм. Хятадын шүүх Америкийн чип үйлдвэрлэгч Qualcomm-ын талд хэргийг шийдсэн байна.
Ингэснээр Хятадад Apple-ын iPhone гар утасны ихэнх загварыг худалдаалах, импортоор оруулж ирэхийг хориглолоо. Хятадын Засгийн газрын уг шийдвэр Америктай хийж буй худалдааны дайныг намжаах бус сэдрээх нь гарцаагүй гэж өрнөдийн ажиглагчид дүгнэжээ.
Apple-ын сүүлд гаргасан iPhone XS, iPhone XS Plus болон iPhone XR загварын гар утаснуудад одоохондоо шүүхийн шийдвэр хамааралгүй. Харин iPhone 6S, iPhone 6S Plus, iPhone 7, iPhone 7 Plus, iPhone 8, iPhone 8 Plus болон iPhone X загварын гар утаснуудад хориг үйлчилнэ.
Qualcomm-ын зүгээс iPhone 6-аас iPhone X хүртэл загварын гар утаснууд хоёр патентыг нь хулгайлсан гэж үзжээ. Үүнд нэгдүгээрт гар утсан дээр авсан зургийн хэмжээг дахин тохируулах болон засварлах, хоёрдугаарт мэдрэгчтэй дэлгэц ашиглан аппликэйшнуудыг зөөж эмхлэх нь Qualcomm-ын оюуны өмч гэсэн байна.
Технологийн шилдэг компаниуд оюуны өмчийн эрхийн маргаанаар олон улсын шүүхэд удаа дараа хандаж байгаа ч маргаан үргэлжилсээр байгаа юм. 2017 онд Qualcomm-ын зүгээс iPhone гар утсанд ялтас суулгасныхаа төлөө тэрбум ам.доллар төлж байснаа зогсоосноор Apple тэднийг шүүхэд өгчээ. Европын Холбоо тэдний маргааны дахин нягталж Qualcomm-ыг мөнгө төлөх ёсгүй гэж үзсэн ч Европын зөвлөл 1,2 тэрбум ам.долларын торгууль оноосон юм.
Apple компани Хятадын Засгийн газрын шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд шийдвэрээ эргэн харахыг уриалж байна. Энэ талаарх мэдээ олон нийтэд хүрсний дараа Apple-ын хувьцаа нэг хувиар буурсан бол Qualcomm-ынх хоёр хувиар өсчээ.
Эх сурвалж: www.cnn.com