Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийн даргаар ажиллаж байсан Д.Ж-гийн хүү Ж.Гарьдад холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн өчигдөр хянан хэлэлцлээ.
Уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн тавдугаар сард шилжүүлсэн бөгөөд зургаадугаар сарын 18-нд тус шүүхийн шүүгч А.Алтанхуяг урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг удирдан явуулаад үл ялих шалтгаанаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан байдаг.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт нотлох баримтаар бэхжүүлж авсан УБТЗ нийгэмлэгтэй гэрээг эх хувиар нь буюу "Хуулбар үнэн" дардас даруулж авах ёстой. Ж.Гарьдаас үл хөдлөх хөрөнгийг нь худалдан авсан иргэн н.Мөнхтулгын эрх ашиг зөрчигдөж буй, эсэхийг тодруулах шаардлагатай гэж захирамжид дурдсан аж. Үүнийг нь Нийслэлийн прокурорын газар (НПГ)-ын хяналтын прокурор З.Хүслэн үндэслэлгүй гэж эсэргүүцэл бичсэн юм. Түүндээ иргэн н.Мөнхтулга болон Ариунболд гэх зэрэг гэрчүүдээс удаа дараа тайлбар мэдүүлэг авсан, Ж.Гарьд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал өмнө нь гаргаж байсныг тодотгосон байна.
Уг хэргийн яллагдагч Ж.Гарьдыг “Скай профешнл ложистик” ХХК-иараа дамжуулан 2017 оны долоодугаар сард “Улаанбаатар төмөр зам”-аар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх, хамтран ажиллах гэрээг нийтийн албан тушаалтан буюу аав Д.Ж-тайгаа байгуулж давуу байдал олж авсан. Уг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө, орлого болох 600 000 ам.доллар буюу 1.5 тэрбум төгрөгийг Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод байгуулсан “Ансу трейдинг лимитед” компанийнхаа данс руу шилжүүлж, түүнийгээ буцаан “Жи ар ди реалти” ХХК-ийнхаа дансаар Монгол буцаан оруулж ирсэн. Түүгээрээ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Амарсанаагийн гудамж дахь 1495 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай объект, газар эзэмших эрхийн хамт худалдан авч мөнгө угаасан хэмээн буруутгаж буй билээ.
НПГ-аас Ж.Гарьдын үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.1-1, 18.6-1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн юм.
Ж.Гарьдад холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мөнхөө, С.Болортуяа нар хянан хэлэлцээд НПГ-ын хяналтын прокурор З.Хүслэнгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр боллоо.
Өөрөөр хэлбэл, Ж.Гарьдын өмгөөлөгч А.Энхтүвшин, Н.Нарантуяа нарын прокурорт буцаах тухай саналыг хүчингүй болгов. Ж.Гарьдын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу 2023 оны арванхоёрдугаар сард прокурор яллах дүгнэлт үйлдэн тухайн үеийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаас прокурорын хяналтад буцааж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.