Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх, хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын V Экспо” арга хэмжээ зохион байгуулахаар ажлыг ханган ажиллаж байна.
Тус экспог зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор шинэчлэн байгуулсан Ажлын хэсгийн хурал наймдугаар сарын 5-ны өдөр боллоо.
Хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг нар хамтран удирдан явуулсан юм.
Хурлын үеэр “Монгол-Хятадын V Экспо”-г амжилттай зохион байгуулахын тулд салбар, чиглэлийн яамд болон холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангах, зохион байгуулалтын нарийн төлөвлөгөө боловсруулах асуудлыг хэлэлцэв.
Түүнчлэн, экспог зохион байгуулах үндсэн чиглэлийн дагуу дэд ажлын хэсгүүдийг байгуулж, тэдгээрийн бүрэлдэхүүн, чиг үүргийг тодорхойлсон нь зохион байгуулалт илүү оновчтой, үр дүнтэй болоход гол түлхэц үзүүлэх юм.
Уг экспо нь хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлж, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлийг өргөжүүлэх, шинэ боломж, хамтын ажиллагааны хүрээг тэлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Цаашид Ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд бэлтгэл ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж, “Монгол-Хятадын V Экспо”-г олон улсын түвшинд, өндөр түвшинд зохион байгуулахаар ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.