Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Түүнийг Увс аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг улсын төсвийн хоёр тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэх асуудал гараад буй. Тэрбээр уг асуудалд дараах тайлбарыг өгөв.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:
-Би тойргоос сонгогдсон гишүүний хувьд ард түмэндээ үйлчлэх үүрэгтэй. Ойг далимдуулж нутгаа сурталчлаад авах, аялал жуулчлалын дэд бүтцийг шийдэх зорилго тавьсан.
Ой тэмдэглэх ажил дээр Увс аймгийн иргэд, бизнес эрхлэгчид 11 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан. Магадгүй 3000 орчим хүн зөвхөн хандивт оролцсон байна лээ. Энэ бол цэвэр хувийн хэвшлээс боссон мөнгө, урсгал зардалд явсан. Ойг зохион байгуулахын тулд ямар ч байгууллага байсан бүтээн байгуулалт хийдэг. Энэ хүрээнд 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг өнгөрсөн жилүүдээс хойш хийж явуулсан.
Харин ойн бэлтгэл ажил гэж хэд хоног нойр муутай явж байгаад Эрчим хүчний сайдын багцыг “Миний багц” гэж хэлсэндээ хүлцэл өчмөөр байна.
Сайдын багцаас Увс аймагт дараах төсвийн зарцуулалт л гарсан.
Улаангом хотын 2, 4, 11-р багийг дамнасан 2 км автозамыг 3.6 тэрбумаар 2024 оны төсөвт суулгасан. Сая 90 хувьтай ашиглалтад оруулсан.
Хоёрт 2, 4, 11-р багийн цахилгаан хангамж муудсан байсан. Хүчдэл муу учраас цай буцалдаггүй гэж олон жил шүүмжилж ирсэн. Би энэ асуудлыг шийдэх 2 тэрбум төгрөгийг тойргоос сонгогдсон гишүүний хувьд хөөцөлдөж улсын төсөвт суулгасан нь үнэн. 2 тэрбум гэж суулгасан ч тендер зарласнаар 1.8 тэрбумаар хийгдсэн ажил юм билээ.
Энэ ажлыг наадмын талбай руу цахилгаан татсан, 2 тэрбумыг ойн бэлтгэл ажилд зарцуулсан мэтээр гуйвуулан гүтгэсэн. Эрчим хүчний сайдын төсвийг наадмын бэлтгэл ажилд зарцуулсан зүйл огт байхгүй. Эрчим хүчний ачааллыг тооцонгоо, давхар ойгоос өмнө ашиглалтад оруулчихъя гэж төлөвлөж хийсэн ажил.
Иргэдээс авсан хандивын мөнгөөр уралдаан тэмцээн, ойн арга хэмжээ зохион байгуулсан талаар аймгаас тайлагнана. Анхнаасаа ил тод байхгүй бол хэл ам гарна гэж сайтар ярилцсан. Ардчилсан намынхан сөрөг хүчний хувьд үүн дээр аудит хийх нь зөв, олон нийтэд танилцуулна гэсэн. Энэ ажлууд хийгдэх байх.
Увс аймгийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой ямар нэг төсвийн болон эрчим хүчний салбарын эх үүсвэрийг ашиглаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. 1 тэрбум 65 сая төгрөгийн өртгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Улаангом хотын Ю.Цэдэнбал даргын төв талбайг засах ажил хийгдэж байгаа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ам алдвал барьж болдоггүй. Хэлсэн бол Хэлсэн. Бүү булт.