ОХУ-ын Засгийн газар 2025 оны 07 дугаар сарын 03 өдөр хуралдаж Завхан аймгийн Арц-Суурийн боомтоор шатахуун оруулах, тээвэрлэх тогтоолыг баталсан. Энэ талаар Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр мэдээлэл хүргэжээ.
Оросын Холбооны Улсын Засгийн газраас тогтоох нь:
“Оросын Холбооны Улсаас зарим нэр төрлийн барааг автомашинаар Оросын Холбооны улсын хилээр ЕвроАзийн Эдийн Засгийн холбооны гаалийн бүс нутгаас цааш нэвтрүүлэх боомтуудыг тодорхойлох тухай” (Оросын Холбооны улсын хуулийн эмхтгэл, 2011 он, №2, 376 хуудас, 2018 он, №41, 6242-р зүйл) Оросын Холбооны Улсын Засгийн Газрын 2010 оны 12 сарын 31-ний №1211 дугаар тогтоолын хавсралтын “Улсын хилийн Орос-Монголын хэсэг” заалтад дараах агуулга бүхий 111 гэсэн заалтыг нэмж оруулсугай:
“111.Цаган-Толгой”.
Оросын Холбооны улсын Ерөнхий сайд М.Мишустин
Тайлбар: Зарим нэр төрлийн барааг тухайлбал нефтийн бүтээгдэхүүнийг автомашинаар нэвтрүүлэх боомтуудыг тодорхойлох тухай ОХУ-ын Засгийн газрын 2010 оны 12 сарын 31-ний 1211 дугаар тогтоолд:
-Орос-Монголын хилийн хэсэгт Хандагайт буюу Увс аймгийн Боршоо,
-Ташанта буюу Баян-Өлгий аймгийн Улаанбайшинт боомтуудаар оруулахыг заасан байдаг бол энэ тогтоолдоо 2025 оны 07 сарын 3-ны 1007 тоот тогтоолоор нэмэлтээр Цагантолгойн боомт буюу Завхан аймгийн Арцсуурь боомтыг оруулж өгсөн байна.
-Цаган-Толгой гэдэг нь Арц-Суурийн цаадах Орос талын хилийн боомтын нэр. Өөрөөр хэлбэл хилийн наад талаа бид Арц-Суурь гэдэг бол Оросууд Цаган-Толгой гэж нэрлэдэг.
Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр:
-Завхан аймаг хилийн боомттой мөртлөө сүүлийн 30 жилийн турш бусад аймгуудаас хамгийн үнэтэй шатахуун хэрэглэж ирсэн. Энэ байдлаас гарахын тулд Арц-Суурийн боомтын зэрэглэлийг нэмэгдүүлж, шатахуун оруулах, мах гаргах асуудлын хойноос сүүлийн 2 жилийн турш уйгагүй хөөцөлдөв. Москвад очиж Монгол-Оросын Засгийн газрын хоорондын комиссын хуралд сууж, тайлбар мэдээлэл хийв. ОХУ-д гурван ч удаа очиж албан уулзалтууд хийв. Монгол-Оросын Засгийн газрын комиссын дарга, гишүүдэд Арц-Суурийн боомтын асуудал бэрхшээл, боломжуудыг сайн ойлгуулав.
-Арц-Суурийн боомтын бүтээн байгуулалтын иж бүрэн зураг, ТЭЗҮ бэлэн болгуулав. Арц-Суурийн боомтын авто замын ажлыг эхлүүлэв.
-Оросын тал бас асуудалд ач холбогдол өгч Цаган-Толгой боомтод шатахуун гаргах автомат жин хэмжүүр суурилуулж дуусгав. Цаган-Толгой боомтын бүтээн байгуулалтаа 2 жилийн дотор бүрэн дуусгана гэж Росгранстрой байгууллагын удирдлагууд мэдэгдсэн.
-Шатахуун тогтоол гаргасан өдрөөс шууд оруулах эрх нь нээгдсэн ч бидэнд дэд бүтэц, шатахуун агуулах савууд хил дээр байхгүй. Тиймээс эдгээр ажлуудыг хийхэд тодорхой хугацаа орно. Шатахуун оруулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах, орос талын гэрээ хэлэлцээр, дэд бүтцийн бүтээн байгуулалт гээд шийдвэрлэх олон асуудал байна. Товчхондоо асуудал зөвхөн биднээс л шалтгаална.
-Энэ асуудлыг дэмжиж ажилласан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Монгол-Оросын Засгийн газрын комиссын дарга асан Шадар сайд Ч.Хүрэлбаатар, одоогийн дарга Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга, сайд С.Бямбацогт, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн нарт баярлалаа. Мөн Монгол Улсаас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин, ЭСЯ-ны яамны хамт олон, ОХУ-ын Тувад суугаа Монголын консулын газрын хамт олонд талархал илэрхийлье.
-Завханчууд бид бусадаас үнэтэй биш адилхан үнэтэй шатахуун хэрэглэхэд нэг алхам ойртлоо. Хүлээгдэж буй бусад асуудлаа яаралтай шийдвэрлэхийн төлөө ажиллана гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.