СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Баян-Өлгийн Засаг дарга асан А.Гылымханы холбогдсон үйлдлүүдийг шүүхээр шийдвэрлүүлнэ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 цагийн өмнө

Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан А.Гылымханы холбогдсон өөр хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр орон нутгийнх нь шүүхэд шилжүүллээ.

Тэрбээр өмнө нь тус аймаг дахь зарим газар, уул ус, багийн нэрийг өөрчилсөн хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутай гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 19.16-1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.

2016-2020 онд Баян-Өлгий аймгийн Засаг дарга хэмээх улс төрийн албан тушаал хашиж байсан, дараа нь АТҮТ-ийн дэд даргын албанд нэг хэсэг томилогдсон А.Гылымханд энэ удаа Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 23.2-1 дэх хэсгийн “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэснийг үндэслэн Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тэрбээр нэр бүхий иргэнийг хууль бусаар албан тушаалд томилуулсан, цэцэрлэгийн барилгын ажлыг хийлгэхдээ 600 сая төгрөгийн төсөвт өртгийг нэг тэрбум 251 сая болгон нэмэгдүүлж, нэг багц ажлыг хоёр хувааж тендер зарлан бусдад давуу байдал бий болгосон, хувийн эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн хэрэгт яллагдагчаар татагдсан юм.

Харин түүнд холбогдох хэргийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шударгаар шийдвэрлэж чадах, эсэхэд орон нутгийн иргэд нь эргэлзэж буй аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.