Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллагаас аймаг, цэргийн наадамд шөвгөрсөн найман бөхөөс хориглосон бодис илэрсэн гэж мэдээлэв.
Улсын Их Хурлын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 21.5 дугаар заалтад “Аймгийн баяр наадам болон түүнтэй адилтгах баяр наадмын бөхийн барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна” гэж заасан байдаг.
Энэ заалтын хэрэгжилтийн хүрээнд 2025 оны баяр наадмаар 21 аймаг, 3 алслагдсан дүүрэг, мөн бүх цэргийн наадмаас допингийн хяналтын шинжилгээг авчээ.
Шинжилгээний сорьцуудыг 2025 оны 6 дугаар сарын 6-н болон 7 дугаар сарын 13-ны өдрүүдэд Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг (WADA)-ийн итгэмжлэгдсэн, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрездены Спортын Анализ болон Спортын Биохимийн Институт (Institute of Doping Analysis and Sports Biochemistry, Dresden, Germany, www.idas-kreischa.de) рүү хүргэн өгч, лабораторийн шинжилгээнд хамруулжээ.
Улмаар аймаг, цэргийн наадамд шөвгөрсөн нийт найман бөхөөс допинг илэрчээ. Тодруулбал, Д.Төрбаяр, Ц.Болдбаатар, О.Амгаланбямба, Э.Чойном, Э.Гантөмөр, Э.Мөнхтөр, Б.Сүх-Эрдэнэ нарын барилдах эрхийг түдгэлзүүлсэн бол Б.Сундуйжадамбаас хэвийн бус илэрц илэрчээ. Мөн гурван бөхийн шинжилгээний хариу хараахан ирээгүй байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.