СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-06-30

🔴 М.Мандхай: Төсвийн алдагдалд төлөвлөлтгүй олон тендер, худалдан авалт нөлөөлж байна

Нийтэлсэн
6 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 цагийн өмнө

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүд сайд нараас тодруулж асуулаа.

УИХ-ын гишүүн М.Мандхай: 2024 оны гүйцэтгэлийн тайланг уншиж амжсангүй. ААНОАТ болон НӨАТ-ын татварын 38,6 хувийг уул уурхайн салбараас орж ирсэн гэжээ. Энэ хамаарлыг яаж бууруулахаар тооцож байна вэ? Бид уг нь татварын баазыг төрөлжүүлэх, жижиг дунд бизнесийн бодлогыг дэмжих гэж ярьдаг. Энэ хамаарлыг яаж бууруулах вэ?

Монголбанкнаас асуухад мөнгөний нийлүүлэлт 2024 оны гүйцэтгэл дээр 23,1 хувиар өсөж, инфляци 10,2 хувьд хүрчээ. Үнэндээ ипотекийн зээл олгогдохгүй, иргэдэд ирж байгаа үнэ ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглээ буурсан. Худалдан авах чадвар ч буурсан. Бодлогын уялдаа холбоо хангагдаж чадсан уу. Нийлүүлэлт ямар учраас ингэж өсөж, инфляци нэмэгдсэн бэ?

Төсвийн зөрчил дээр асуухад, 215,6 тэрбум төгрөг зориулалтын бусаар зарцуулсан гэжээ. Алдагдал 85,4 тэрбумд хүрчээ. Ямар хяналт хариуцлага тооцох вэ? Уг нь дотоодын аудитын тогтолцоог бэхжүүлж, ийм төрлийн зөрчил дээр шууд хариуцлага тооцдог. Энэ механизм хэрэгжиж байгаа юм уу?

Дунд хугацааны төлөвлөлтгүй, богино хугацааны тэлэлттэй төсөв батлагдсан гэж мэргэжлийн санхүүч нар үзэж байна. Сахилга бат хэрхэн хангагдах вэ?

Аудитын тайланд үр шинжилгээ хийгдээгүй олон төсөв, худалдан авалт байгааг дурдсан байна. Зарим нэг нь ТЭЗҮ-гүй хийгдсэн. Нэг аймаг суманд давхардсан хэмжээгээр төсөл хөтөлбөр хэрэгжсэн байна. Зарим аймагт нэг төрлийн төсөл 2-3 дахин өндөр өртөгтэй хийгдсэн байна. Ийм өртгийн ялгаа, зардлын үр ашгийн дүн шинжилгээ ямар түвшинд явагддаг юм бэ?

Тэргүүн Шадар сайд Н.Учрал: ЭЗХЯ бол мэдээж дөрвөн жилийн хөтөлбөр, 5 жилийн үндсэн чиглэл гээд үндсэн бодлогуудаа хийж байгаа. Улсын төсөв хэлэлцэх үеэр гишүүд олон санал оруулдаг. Жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй олон ажлууд төсөвт суудаг. ТЭЗҮ, зураг төсөвгүй олон ажил хийгдэх болсноос болоод төсвийн гүйцэтгэлийг эргээд харахаар тендерүүд зарлагдахгүй гацдаг. Төсвийн зарцуулалт үр ашиггүй байгаа нь үнэн. Манай улсын эдийн засаг хос хамааралтай. Тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүн буюу нүүрснээс хамааралтай байгаа нь одоо ажиглагдаж байна. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр төсөөлж байснаас 39 хувиар буурсан тул төлөвлөгдөж байсан олон ажил тасарсан. Энэ долдугаар сард 3,3 их наядын орлого тасрах нөхцөл рүү шилжсэн тул хэмнэлт хийж байна. Цаашдаа хөгжлийн бодлого барьж явья гэвэл төсвийн санхүүжилтийн ажил явуулж байхаар төр хувийн хэвшлийн түншлэл дээр голлож анхаарна. Хуулийг оруулж ирнэ, үе шатуудыг багасгана. Хувийн хэвшил өөрөө зардлаа нөхөөд явах бололцоотой ажлуудыг урьдчилсан дүн шинжилгээ хийлгэж байж төр хувийн хэвшлийн түншлэлээр төслүүдээ урагшлуулна гэлээ.

Тодруулбал, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувь байсан бол 2025 оны эхний улиралд 2.4 хувь болж буурсан. Нийт экспорт 2025 оны эхний таван сард 5.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 931 сая ам.доллароор, төсвийн нийт орлого 2025 оны эхний таван сард 11.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 11 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр буурсан.

Иймээс Монгол Улсын 2025 оны төсөвт топдотгол оруулахаас өөр аргагүй нөхцөл байдал бий болсон. Засгийн газраас 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3,2 их наядаар бууруулж, нөгөө талд нь төсвийн зарлагыг 1,9 төгрөгөөр бууруулж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наяд 365 тэрбум төгрөгийн алдагдалтай байх тооцоолол хийж, төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсөвт тодотголыг боловсруулахдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг гурван их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэг их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай байхаар тооцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.